Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 47.3 хувиар нэмэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 13.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.3 (47.3 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 11.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.4 (41.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 13.6 их наяд
төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх
оны мөн үеийнхээс 1.8 (49.1 хувь) их наяд төгрөгөөр багассан байна.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн сард 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 31.4 (3.2 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 100.3 (8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 9 дүгээр сард 236.1 тэрбум, 10 дугаар сард 270.3 тэрбум, 11 дүгээр сард 339.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Улсын нэгдсэн төсвийн орлогод тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 4.8, татварын бус орлого 1.6 нэгж хувиар нэмэгдэж, ирээдүйн өв сангийн орлого 1.2, татварын орлого 5.3 нэгж хувиар багаслаа.
Татварын орлого энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (38 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 1.3 (68.3 хувь) их наяд, нийгмийн даатгалын орлого 584 (42.9 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 528.2 (25.9 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 169.2 (25.2 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 167.6 (24.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Татварын нийт орлого энэ оны 11 дүгээр сард 939.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 40.2 (4.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нэмэгдсэн өртгийн албан татвар
77.1 (37.9 хувь) тэрбум,
онцгой албан татварын орлого 29.4 (50.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн
нь нөлөөлжээ. Татварын орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх
оны мөн үеийнхээс 5.7,
нийгмийн даатгалын орлого 0.6 нэгж хувиар нэмэгдэж, харин нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.4, онцгой албан
татварынх 1.9, бусад татварынх 1.1, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.9 нэгж
хувиар багасав.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 11 сард 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (13.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (19.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин хөрөнгийн зардал 336 (14.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны 11 дүгээр сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 100.3 (8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд урсгал зардал 51.7 (4.9 хувь) тэрбум, хөрөнгийн зардал 40.4 (19.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь энэ оны эхний 11 сард өмнөх оны мөн үеийнхээс 11.4 нэгж хувиар нэмэгдэж, бараа үйлчилгээний зардлынх 8.9, хүүгийн зардлынх 2.4, татаас 0.1 нэгж хувиар багассан байна.
Хөрөнгийн зардал энэ оны эхний 11 сарын байдлаар 2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн
үеийнхээс 336 (14.2 хувь) тэрбум төгрөгөөр багасахад барилга, байгууламжийн
зардал 183.4 (12.5 хувь)
тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 86.9 (28.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв.
Хөрөнгийн зардалд бусад хөрөнгийн зардлын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 1.9, барилга байгууламжийн
зардлынх 1.3 нэгж хувиар нэмэгдэж,
харин тоног төхөөрөмжийн зардлынх 2.1, их засварын зардлынх 0.7, стратегийн нөөц
хөрөнгийн зардал 0.4 нэгж хувиар багасжээ.
Хөрөнгийн зардалд энэ оны 11 дүгээр сард 247.6 тэрбум төгрөг зарцуулсан нь
өмнөх сарынхаас 40.4 (19.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.