Хонконгийн хэвлэлийн магнат Жимми Лайг гэм буруутай гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-09 16:16:47

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн шүүхээс ардчиллыг дэмжигч, хэвлэлийн магнат Жимми Лай болон сөрөг хүчний өөр хоёр идэвхтнийг Тяньаньмэний талбайд болсон үйл явдлын ойг тохиолдуулан Виктория цэцэрлэгт хүрээлэнд явуулсан хууль бус жагсаалд оролцсон хэрэгт буруутай гэж үзжээ. Энэ тухай “South China Morning Post” сонин мэдээлэв.


Энэ хэргээр шийтгэх тогтоол хараахан гараагүй бөгөөд зөвшөөрөлгүй жагсаалтай холбоотой бусад зүйл ангиар оноосон 14 сарын ял эдэлж байгаа бизнес эрхлэгчийн хувьд хоригдох сар нь нэмэгдэж магадгүй байна.


Жимми Лай мөн өнгөрсөн оны зургаадугаар сарын 30-нд Бээжингийн санаачилгаар баталсан Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм.


Өдгөө 74 настай түүнийг 2019 оны зун Хонконгт болсон засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зохион байгуулагчдын нэг үздэг. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, тэрбээр эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнд санхүүгийн дэмжлэг үзүүлж, АНУ-ын улс төрийн өндөр албан тушаалтнуудтай харилцаа тогтоож, Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалж байжээ. Эдгээр хэргээр түүнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна.


Жимми Лай сөрөг хүчний "Пинго жибао" (Apple Daily) сониныг эзэмшдэг байсан бөгөөд цагдаа нар үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан хэргээр хийж буй мөрдөн шалгалтын явцад хөрөнгийг нь царцаасны улмаас энэ оны зургаадугаар сард үйл ажиллагаагаа зогсоожээ.


Связанные новости