“Богд банк”-ны хувьцааны захиалга 100 хувь биелэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн I ангилалд шинээр бүртгүүлсэн “Богд банк” ХК нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12.5 сая ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгосон юм. Улмаар анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ сарын 1-7-нд явуулж дууслаа.
Нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 1243 хувь хүн, ААН-ээс нийт 33,203,357,520 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлжээ. Энэ нь татан төвлөрүүлэх дүнгээс 4.6 хувиар давсан үзүүлэлт болов.
"Богд банк" ХК нь банкны салбарын шинэчлэлийн хүрээнд хамгийн анхны нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй банк болох боломжтой боллоо.
Үндсэн андеррайтер “Эм Ай Си Си ҮЦК” ХХК-ийн ирүүлсэн
хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө
оруулагчид болон олон нийтээс ирүүлсэн 100 ширхэг хүртэлх
хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 86.5 хувиар хувь
тэнцүүлэн хуваарилахаар боллоо.
СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан үед хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх, хөрөнгө оруулагч нар үнэт цаас аваагүй үлдэгдэл мөнгөн хөрөнгөө буцаан авах эрх үүсэх юм.