АХБ 3.6 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс АХБ-нд
гишүүнээр элссэний 30 жилийн ой энэ онд
тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар болон
АХБ өндөр түвшний хэлэлцүүлэг, үйл ажиллагаа
зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт АХБ-ны төслөөс
үр шим хүртсэн иргэд, ААН-үүд,
төсөл хэрэгжүүлэгч байгууллага,
иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл болон бусад хөгжлийн түншүүд оролцож,
өнгөрсөн 30 жилийн хамтын ажиллагааг эргэн харж, ололт амжилтаа бататган,
туршлагаа хуваалцаж, түншлэлийн цаашдын зорилгоо тодорхойллоо.
“Гучин жил гэдэг томоохон өөрчлөн шинэчлэлт хийхэд ахархан
хугацаа хэдий ч Монгол Улс өнгөрсөн 30 жилд гайхамшигтай өөрчлөлтийг хийж
чадсан. Энэ хугацаанд Монгол Улсад хувийн хэвшил цэцэглэн хөгжиж, зах зээлд
суурилсан эдийн засаг бүрэлдэн тогтсон” хэмээн АХБ-ны дэд ерөнхийлөгч
Ахмед М.Саеид хэлээд, “АХБ
цаашид Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй, өрсөлдөх чадвар бүхий ногоон эдийн
засгийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжихийн зэрэгцээ хосгүй үзэсгэлэнтэй газар
нутаг, байгалийн баялгаа хамгаалах үйлсэд дэмжлэг үзүүлсээр байх болно” хэмээн
тэмдэглэлээ.
Ойн үйл ажиллагааны үеэр Монгол
Улсын Их Хурал, Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, хүүхэд залуусын
төлөөлөл болсон 150 гаруй оролцогч улс орны хөгжил, дэвшлийн талаар санал
бодлоо хуваалцав. “Монголчууд: Нүүдэл, суудал” номын зохиогч Б.Батбаяр (Баабар)
болон Монгол Улсын Сангийн сайд, АХБ-нд Монгол Улсыг төлөөлсөн захирагч
Б.Жавхлан нар илтгэлдээ Монгол Улсын сүүлийн 30 жилийн хөгжлийн замнал, онцлох
үйл явдлууд болон АХБ-ны оруулсан хувь нэмрийг онцоллоо.
“Монгол Улс 1991 онд АХБ-нд гишүүнээр элссэн цагаас нийгэм,
эдийн засгийн олон салбарын хөгжилд энэхүү түншлэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн”
хэмээн Монгол Улсын Сангийн сайд, АХБ-нд Монгол Улсыг төлөөлсөн захирагч
Б.Жавхлан хэлээд “Эдийн засгийн мөчлөг, дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн
засгийн хямрал, байгалийн гамшиг, КОВИД-19 цар тахал зэрэг бүхий л цаг үед АХБ
бидний найдвартай түнш байж, дэмжиж тусалсаар ирсэн”-ийг онцоллоо.
Ойн үйл ажиллагаа өнгөрсөн
30 жилд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хувийн хэвшил, иргэний нийгмийн
оролцооны бүхий л чиглэлд гарсан өөрчлөлтүүд, тэдгээрээс авсан сургамжуудыг дүгнэх
“Өнгөрснөөс суралцах нь” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. “Хувийн хэвшлийн хөгжлийн төлөв, боломж,
сорилт” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг
амжилттай хөгжүүлэхэд бизнесийн хэрэгцээнд нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүнүүд,
нийлүүлэлтийн гинжин хэлхээний хүчин чадал болон дэд бүтцийн сүлжээ нэн чухал
болохыг тэмдэглэсэн юм.
Үйл ажиллагааны үеэр
АХБ-наас санхүүжүүлсэн төслүүдийн амжилтын түүхийг өгүүлэх “Хөгжлийн төлөө хамтдаа” бүтээлийг
олон нийтэд танилцууллаа. АХБ тус номоор дамжуулан Монгол Улсын цаашдын
хөгжлийн замналыг тодорхойлох хэлэлцүүлэгт түлхэц үзүүлэхийг зорьсон байна.
АХБ Монгол
Улсад 1991-2020
онд нийт 3.6 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааг
зориулан баталжээ.
Засгийн газрын санхүүжилтээс гадна Монгол Улсын хувийн хэвшлийн байгууллагатай шууд хамтран ажиллаж, эрчим хүч, санхүү, ХАА-н үйлдвэрлэлийн салбарт зээл олгож байна. Үүнээс гадна Худалдааны
санхүүжилтийн хөтөлбөрөөр дамжуулан дотоодын санхүүгийн байгууллагууд болон
түншлэгч банкуудад санхүүжилт олгодог.