Унгарын хүнс, ХАА-н технологийг Монголд нутагшуулах сонирхлоо илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-18 13:57:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “Унгарын хөдөө аж ахуй-2021” уулзалтыг өнөөдөр “Туушин” зочид буудалд зохион байгууллаа. Уулзалтыг Элчин сайд, хатагтай Обруещанский Борбала нээж хэлэхдээ, “Унгар улс өнөөдөр генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс татгалзаж байгаа. Олон хүчин чармайлт гаргаж буй энэхүү үйл ажиллагаа хүнс, ХАА-н салбарын өмнө тавигдаж байна.

Тиймээс энэ тал дээр экологийн, байгалийн цэвэр бүтээгдэхүүн нийлүүлэх, ялангуяа энэ чиглэлийн үйлдвэрлэлийн технологи дээр Монгол Улстай хамтран ажиллах боломж их байна” гэдгийг онцоллоо. Тэрээр, Унгарын компаниуд ХАА, хүнсний салбарын болон хөнгөн үйлдвэрлэлийн инновац, техник, технологийг Монголд нэвтрүүлж нутагшуулах, жижиг, дунд үйлдвэр байгуулах хамтарсан төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.




Уулзалтад манай улсаас “Молор трейд”, “АПУ”, “Альфа фүүдс”, “Мах импекс”, “Таван богд”, “Наран групп”, “Стандарт хүнс”, “Хатан сүйх”, “Дэвшил”, “Монгол мах экспорт” зэрэг компани, “Номин”, “E-mart” зэрэг худалдааны томоохон сүлжээ компаниудын төлөөлөл оролцож, Унгарын хүнс, ХАА-н боловсруулалт, үйлдвэрлэлийн “Baranya invest”, Sampo”, Agrometal, “Dilaco lighting”,  Babolna TETRA”,  Agrofeed”,  Hevesgep” зэрэг компанийн үйл ажиллагаатай цахимаар танилцлаа. Монголын ААН, компаниуд мах боловсруулах, тэжээлийн үйлдвэрийн техник, технологи болон хүлэмжийн аж ахуйн байгууламжийг сонирхож буйгаа илэрхийлж байв.



Уулзалтад оролцогч нарт хоёр орны Хүнс, ХАА-н сайд нар харилцан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Унгар улсын ХАА-н сайд Нажи Иштван хэлэхдээ, “Энэ бол Монголд анх удаагаа зохион байгуулж буй манай үйл ажиллагаа. Бид үүнийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна” гэдгийг онцлоод, ингэснээр хоёр орны хүнс, ХАА-н салбарт хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлсэн үгэндээ, “1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжаар “Биокомбинат”-ыг байгуулж, одоо хүртэл малын био бэлдмэл, вакцин үйлдвэрлэн Монгол орны дотоодын хэрэгцээнд нийлүүлж буй” хоёр орны олон жилийн хамтын ажиллагааг онцлон дурдав. Энэхүү үйлдвэрийг Унгар улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иж бүрэн шинэчлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд байгуулж, уг төслийн эцэслэн шийдэх чухал асуудал бидний өмнө тавигдаж байгаа гэв.

Шинэ харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэхдээ, манай улс 1995 онд Унгарын ХАА, хөдөөгийн хөгжлийн яамтай хүнс, ХАА-н салбарт Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах, мөн усны аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ургамал хамгааллын чиглэлээр хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг тус тус байгуулан идэвхитэй хамтран ажиллаж байна гэв.




Тэрээр Монгол-Унгарын Засгийн газар хоорондын Комиссын Монголын талын даргын хувьд хоёр орны Засгийн газар хоорондын VII хуралдааныг ирэх оны эхээр Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж буйг дуулгалаа. Уг хуралдаанаар хоёр орны олон салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар нарийвчилан ярилцаж, тэр дундаа ХАА-н салбарын харилцааг илүү өндөр түвшинд өргөжүүлэн тэлж, хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.





Өнөөдрийн уулзалтын үеэр Унгар улсын ЭСЯ, Булган аймгийн хооронд мал эмнэлэг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичигт Элчин сайд Обруещанский Борбала, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар гарын үсэг зурлаа. Тодруулбал, ХАА, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх зорилт тавин гол салбараа болгож буй Булган аймаг малын эмч, зоотехникч болон аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэн гаргах тал дээр Унгар улстай хамтран ажиллахаар болж буйг Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тодотголоо. Тус аймгийн ЕБС-ийг төгсөж буй хүүхдүүд болон дээрх мэргэжилд сонирхолтой залуусыг Унгар улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцуулахаар болж байна.

Тодруулга: Монгол, Унгар улсын хоорон дахь хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд 12 сая ам.долларт хүрч байсан бол өнөөдөр энэ нь 50 хувиар нэмэгдээд буйг Элчин сайд Обрущенский Борбала тэмдэглэн хэлэв. Хоёр орны хооронд оюутан сургах, кино үйлдвэрлэл, усны аж ахуйг хөгжүүлэх зэргээр соёл, боловсрол, нийгмийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилд бодитой идэвхижиж байна.



Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости