Зөгийн балыг экспортлох боломжийн талаар хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-16 10:54:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага МҮХАҮТ хамтран зөгийн балны боловсруулалт, борлуулалт, экспортыг дэмжих “Honey week Mongolia” 7 хоногийн аяныг эхлүүлээд байна. Энэ хүрээнд “Зөгийн балны экспорт, борлуулалтын боломжууд” цахим уулзалт семинар МҮХАҮТ-д эхэллээ.

Уулзалт семинарыг “Монгол Улсын ХАА-н нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн мэргэжилтэн Акиёо Нишияама нээж, “Шанхай Шинэ трейдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золцэнгэл “Монгол зөгийн балыг БНХАУ руу экспортлох боломж”, “Одо Экосистемс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Машнууцсүх “Зөгийн болны борлуулалтыг нэмэгдүүлэх, худалдааны чиг хандлага”-ын талаар илтгэл тавин хэлэлцүүлж байна.

Мөн Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын мэргэжилтэн Харагүчи Акихиса Киргиз улсад зөгийн аж ахуйг хөгжүүлж экспортод гаргаж буй “Нэг тосгон-нэг бүтээгдэхүүн” төслийн туршлагаас өнөөдрийн уулзалтад оролцогч нартай хуваалцаж байна.




Honey week Mongolia” 7 хоногийн аяныг “Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн хүрээнд манай улсад Японы ЖАЙКА байгууулагын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Үүнд МҮХАҮТ хамтран зөгийн аж ахуй эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөгийн балны чанар стандарт болон борлуулалтын сувгуудыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд зөгийн балны ашиг тусыг таниулах, хэрэглээг нь төрөлжүүлэх зорилгоор дээрх аяныг энэ сарын 13-21-нд зохион байгуулж байна.

Аянд зөгийн аж ахуй эрхлэгчид, зөгийн балтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, борлуулагч нарыг нэгдэн зөгийн аж ахуй эрхлэгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, зөгийн балны ашиг тусыг таниулах, хэрэглээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах уриалгыг хүргүүлж байна. Энд зөгийн аж ахуй эрхлэгчид, зөгийн балтай хүнс, гоо сайхан болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, зөгийн балыг боруулагчид, зөгийн аж ахуйн салбарт ажилладаг болон бизнес эрхлэгч хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд хамрагдах юм.

“Зөгийн балны экспорт, борлуулалтын боломжууд” өнөөдрийн цахим уулзалт семинар 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Связанные новости