“Cэнтрал Экспресс Си Ви Эс”-ийн арилжааны захиалга хаагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид шинээр бүртгэлтэй “Cэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнөөдөр хаагдлаа.
Тус ХК нийт
хувьцааныхаа 15 хувь буюу
119,966,060 сая ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд
санал болгосон юм. Анхдагч
зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны
10 дугаар сарын 30-наас өнөөдрийн 18.00 цаг хүртэл авч дууслаа.
Тус ХК-ийн нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн нийт захиалгыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) дахь мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 9,665 хувь хүн, ААН-ийн нийт 40.1 тэрбум төгрөгийн үнэт цаасыг худалдан авах санал ирүүлжээ. Энэ нь тус ХК-ийн татан төвлөрүүлэх дүнгээс 60.7 давсан үзүүлэлт болжээ.
Үндсэн андеррайтер “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн ирүүлсэн
төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгосон хувьцааны 50
хувь буюу нийт 77,977,939 ширхгийг болон олон нийтээс ирүүлсэн 1000 ширхэг
хүртэлх хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 48.8 хувиар хувь
тэнцүүлэн хуваарилахаар боллоо.
Тус үнэт цаасны захиалга нь санал болгосон дүнгээс давсан
тул СЗХ-ны зөвшөөрлийн дагуу санал болгосон хувьцааны 15 хувьтай тэнцэх
хувьцааг нэмж
гаргаж байна. Энэхүү
нэмэлт хувьцааны 89 хувь буюу 16,061,618 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө
оруулагч нарт,
үлдэх 1,993,291 ширхэг хувьцааг “Cэнтрал Экспресс Си Ви Эс” ХК болон “Премиум
Групп” ХХК-ийн ажилтнуудад хуваарилахаар болов.
Монголын Хөрөнгийн
биржийн цахим хуудасны арилжааны мэдээлэл Үндэсний дата төвд гарсан
системийн доголдолтой холбоотойгоор түр
хугацаагаар саатаад байна.