Тайвань цэргийн сургуулилалтынхаа тоог нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-03 11:48:37

ТАЙБЭЙ. /Reuters/. Хятад улс Тайванийн эргэн тойронд хүчээ зузаатгасаар байгаа тул ирэх жилээс цэргийн сургуулилалтынхаа тоог эрс нэмэгдүүлнэ гэж арлын Батлан хамгаалах яам мэдэгджээ.


Ирэх жилээс "нөөц хүчний байлдааны чадварыг үр дүнтэй нэмэгдүүлэх" зорилгоор бэлтгэл сургуулилалтыг одоогийнх шиг 5-7 хоног биш, харин хоёр долоо хоногийн турш хийнэ гэж арлын батлан хамгаалах байгууллагын тэргүүн Чу Кво-Чен мэдэгдсэн байна.


Үүний зэрэгцээ байлдааны бэлтгэл сургуулилалт, буудлагын сургуулилалт хийх хугацааг уртасгаж, нэг нөөц хүчинд ногдох сумны хэмжээг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.


Тайванийн эргэн тойронд сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн ноцтой нөхцөл байдал үүсээд байна гэж Чу Кво-Чен өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор тэрбээр зэвсэг үйлдвэрлэхэд зарцуулах зардлыг нэмэгдүүлэхийг Засгийн газартаа уриалсан байна.


Тайваньд сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаахаас гэрээт цэргийн алба руу аажмаар шилжсэн ч одоо БНХАУ-ын мэдэгдлээс болж энэ үйл явц удааширчээ. Тодруулбал, Хятад улс Тайванийг өөрийн газар нутаг гэж үздэг тул шаардлагатай бол арлыг цэрэг зэвсгийн хүчээр эзлэн авна гэж мэдэгдсэн байна. Харин Тайванийн эрх баригчид хариу мэдэгдэхдээ, бие даасан байдал, ардчилсан тогтолцоогоо хамгаална гэж цохон тэмдэглэжээ.  


Бээжингээс үзүүлж буй цэргийн дарамт шахалт нэмэгдэж байгаа, ялангуяа бүс нутагт Хятадын цэргийн нисэх онгоцууд нислэг үйлдэх болсон зэргээс үүдэн Тайвань, Хятадын хоорондох хурцадмал байдал сүүлийн хэдэн долоо хоногт ихээхэн даамжирсан байна.


Связанные новости