“COP26” бага хурлын хоёр дахь өдөр дэлхийн 50 гаруй удирдагч үг хэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-02 10:49:18

ГЛАЗГО. /TASS/. Шотландын  Глазго хотноо эхэлсэн уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод оролцогч талуудын 26 дугаар бага хурлын (COP26) хоёр дахь буюу сүүлийн өдөр 50 гаруй орны төр, засгийн тэргүүн нар дэлхийн дулаарлыг даван туулах талаарх үзэл баримтлалаа танилцуулна.


Чуулганыг зохион байгуулагчдын тараасан хөтөлбөрийн дагуу мягмар гаргийн өглөө, тухайлбал, Монакогийн хунтайж II Альберт, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес, Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен, Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке, Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян нар үг хэлнэ. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн хэсэгт Финландын Ерөнхийлөгч Саули Нинесто, Хорватын Ерөнхий сайд Андрей Пленкович нар мөн үг хэлэх төлөвтэй байна.


Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээд түвшний уулзалтад оролцохгүй боловч түүний чуулганд хэлэх үгийг бичсэн дүрс бичлэгийг өнөөдөр үзүүлэх юм. ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын тайлбарласнаар, энэ нь "COP26"-д "дүрс бичлэгээр холбогдож оролцох боломжийг тусгаагүйтэй" холбоотой байна. 

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад хэлэх үгээ бичгээр илгээж, тэдэнд зөвшилцөлд хүрэхийг уриалжээ.


Связанные новости