Мишель Темер: Олимпын үеэр “зика” вирусийн халдвар авах эрсдэл байхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-07 11:52:19

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Бразилын түр Ерөнхийлөгч Мишель Темер Рио-де-Жанейро хотод болох 2016 оны Зуны Олимпын тоглолтуудын үеэр “зика” вирусийн халдвар авах эрсдэл бараг байхгүй хэмээн лхагва гарагт мэдэгджээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Бидний зүгээс болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-аас Олимпын тоглолтын үеэр “зика” вирусийн халдвар авах эрсдэл бараг байхгүй гэдгийг баталж байна” гэжээ.

Түүний  тайлбарлаж байгаагаар Өмнөд тал бөмбөрцөгт өвлийн улиралд “Aedes aegypti” хэмээх шумуулаас халдварладаг өвчний тархалт сул байдаг бөгөөд таамаглаж байснаар “зика” вирусийн тархалт Бразил даяар, мөн Рио-де-Жанейро хотод сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд эрс багасч байгаа ажээ.

“Миний санаж байгаагаар 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр Бразил улсад 1.4 сая гадаадын жуулчид ирсэн. Энэ үед ихээхэн санаа зовоож байсан халдварт өвчний тархалт ерөөсөө болоогүй. Бид Олимпын тоглолтын үеэр жуулчдад ая тухтай орчныг бүрдүүлэх болно” гэж Темер ярилаа.

Хэдийгээр хэд хэдэн улсын тамирчид тухайлбал, шилдэг гольфчин Жейсон Дэй, Рори Макилрой болон Вижэй Синх, НБА-гийн супер од Стефен Карри нар “зика” вирусийн эрсдлийн улмаас Олимпт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн боловч бразилчууд зорин ирэх бүх зочдоо алгаа дэлгэн угтан авахад бэлэн байна. 

Зургадугаар сард ДЭМБ-аас "Олимпын тоглолтыг цуцлах эсвэл хойшлуулах шаардлагагүй, спортын уралдаан тэмцээнүүд “зика”-гийн тархалтад нөлөөлөхгүй" гэж мэдэгдэж байсан билээ.

Х.Сарнай

 

Связанные новости