Террорист гэж андууран гэмгүй тогоочийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-05 18:51:19

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Тусгайгийнхан кафе руу дайран орох үед алагдсан террорист гэгдэж буй зургааны хүний нэг нь огт гэм зэмгүй жирийн тогооч хүн байсан тухай Бангладешийн bdnews24 цахим хуудсанд бичжээ.

Энэ хүн бол кафед пиццаны тогоочоор ажиллаж байсан Сайфул Ислам Чоукидер юм. Террористуудыг устгасны дараа тусгайгийнхны үзүүлсэн гэрэл зураг дээр түүний цогцос байхыг төрөл төрөгсөд нь олж таньсан байна.

Сайфул 10 жилийн хугацаанд Германд пиццаны газарт ажиллаж байгаад эх орондоо ирж, жил хагасын өмнө Дакка хот дахь гадаадын дипломатууд амьдардаг хороолол дахь тансаг зэрэглэлийн кафед ажилд орсон аж.

Түүний долоон сартай жирэмсэн эхнэр Соня Эктер цагдаагийн газарт хандан, эр нөхрийнх нь нэр төрийг сэргээхийг шаарджээ. Түүний энэ шаардлагыг төрөл төрөгсөд, найз нөхөд нь дэмжиж, Сайфул бол шударга, төлөв түвшин хүн байсан гэж нотолцгоож байна. Гэрэл зураг дээр тэрбээр цагаан майк, тогоочийн хормогч өмссөн байжээ.   

Сануулан дурдахад, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой Дакка хотын нэгэн кафе руу зэвсэгт этгээдүүд дайран орж, үйлчлүүлж байсан гадаадын иргэд болон кафед ажиллагсдыг барьцаалсан юм. Аюулаас хамгаалах хүчнийхэн тус кафе руу дайралт хийснээр зэвсэгт этгээдүүдийн зургааг нь устгаж, нэгийг нь баривчилжээ.

Х.Сарнай

 

 



 

Связанные новости