Хуучин орон сууцны үнэ өмнөх сараас 0.7 хувиар буурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-07-05 14:30:43

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани зургадугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар өнгөрсөн зургадугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 2.3 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 1.1  хувиар буурсан үр дүнг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулбал 1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 5-р сарын үр дүнтэй харьцуулахад 11.4 хувиар буурчээ.

Үнийн индексийн үзүүлэлтээр шинэ орон сууцны үнийн индекс 16.5 хувьтай гарсан нь өмнөх сараас 1.1 хувиар өссөнийг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулбал  3.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10.3 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь өнгөрсөн сарын байдлаар 2 039 000  төгрөг болсон нь өмнөх сараас 0.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурсан байна. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. Түүнчлэн хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь өнгөрсөн сард 78 081 000  төгрөг болж өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Хуучин орон сууцны үнийн индекс -5.9 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 4.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 5006 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Б.Заяа

Связанные новости