“COVID-19” АНУ-д 2019 оны есдүгээр сард тархаж эхэлсэн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-09-23 15:11:10

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын судлаачид өргөн хүрээний мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дүнд “COVID-19” халдвар АНУ-д 2019 оны есдүгээр сарын үед тархаж эхэлсэн байж магадгүй болохыг тогтоожээ. Энэ нь халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хэдэн сарын өмнө гэсэн үг юм.


Үндэсний шинжлэх ухааны номын сан, Хятадын Шинжлэх ухааны академийн цахим хэвлэлийн платформ болох “ChinaXiv”-д лхагва гарагт нийтэлсэн судалгаанд дурдсанаар, АНУ, Испани, Франц, Итали, Бразил зэрэг бусад оронд хийсэн цуврал судалгаагаар вирус Хятадад дэгдэхээс өмнө тархсан гэж үзэх нөхцөлүүд ажиглагджээ.


COVID-19”-ийн анхны тохиолдлыг магадлалд үндэслэн тооцоолох нь сэдэвтэй судалгаанд математик загварчлал, хиймэл оюун ухаант технологийг хослуулан халдварт өвчний чанарын болон тоон дүн шинжилгээг хийснээр тархварын зүй тогтлыг илрүүлэх боломжийг дэвшүүлсэн байна.


Тийнхүү судлаачид тархварын загварчлал, их өгөгдлийн дүн шинжилгээний аргыг ашиглан оновчтой загвар гаргаж, хэвлэгдэн гарсан мэдээлэлд тулгуурлан АНУ-ын зүүн хойд нутгийн 12 муж улс, Хятадын Ухань хот, Жежян мужид халдварын анхны тохиолдлууд бүртгэгдсэн хугацааг хянан нягталсан байна.


Ингэхэд АНУ-ын 12 муж улсын хувьд анхны тохиолдол бүртгэгдсэн байх магадлал 50 хувьд хүрснээс 2019 оны 8-10 дугаар сарын хооронд байх магадлал хамгийн өндөр гарчээ. Тухайлбал, хамгийн эрт нь Род-Айлендад 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд, хамгийн хожуу нь Делаверт 11 дүгээр сарын 30-нд дэгдсэн байх магадлалтай гэж үзжээ.


Эдгээр өдрүүд нь бүгд АНУ-д халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор зарласан 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс өмнө байгаа тул “COVID-19” цар тахал АНУ-д есдүгээр сарын орчимд тархаж эхэлсэн байх магадлал өндөр гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ.


Харин БНХАУ-д халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байх магадлалыг дээрхтэй ижил аргаар тооцоолоход Уханьд 2019 оны 12 дугаар сарын 20-нд, Жежянд 2019 оны 12 дугаар сарын 23-нд дэгдсэн байх магадлал 50 хувьтай гарчээ. Энэ нь тус улсад халдвар тухайн оны 12 дугаар сарын сүүлээр дэгдэж эхэлсэн байх магадлалтайг харуулсан байна.


БНХАУ-д халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн хугацаа тархвар зүйн судалгааны үр дүнгүүдтэй нийцэж байгаа нь энэхүү тооцооллыг үнэн зөв, найдвартай гэдгийг нотлон харуулж байна гэж судалгаанд бичжээ. 

Связанные новости