“Johnson & Johnson”-ы вакцины хоёр тун 94 хувийн үр дүн үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн “Johnson & Johnson” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдсанаас хоёр сарын дараа нэмэлт тунг тарихад 94 хувийн үр дүн үзүүлжээ. Мөн нэмэлт тун эсрэг биетийн түвшнийг нэг тунгийнхаас 4-6 дахин нэмэгдүүлжээ.
Мягмар гарагт “Johnson
& Johnson”-ы мэдээлснээр, нэмэлт тунг эхний тунгаас зургаан сарын зайтай
хийлгэвэл эсрэг биетийн түвшин долоо хоногийн дараа ес дахин нэмэгдэж, дөрвөн
долоо хоногийн дараа гэхэд 12 дахин нэмэгдэх бөгөөд нас үл харгалзан ийнхүү өсөх
ажээ.
“Бидний гарган
авсан нэг тунт вакцин дархлааны хүчтэй хариу урвал үзүүлж, дархлааны удаан хугацааны
ой санамж үүсгэж байгаа тул нэмэлт тунг таривал хамгаалах чадвар нь улам
нэмэгдэнэ” гэж “Johnson & Johnson”-ы Судалгааны асуудал хариуцсан дарга Матхай Маммен
мэдэгджээ.
Мөн шинжлэх
ухааны ахлах мэргэжилтэн Пол Стоффельсийн ярьснаар, “COVID-19”-ийн нэг тунт вакцин нь хэрэглэх, түгээх,
тарихад хялбар бөгөөд хүчтэй, удаан хугацааны хамгаалалт үүсгэж байгаа тул
дэлхий дахиныг вакцинжуулахад ихээхэн ач холбогдолтой байна.
“Johnson &
Johnson” вакцины нэмэлт тунгийнхаа талаарх мэдээллийг АНУ-ын Хүнс, эмийн
чанарын хяналтын газарт хүргүүлсэн бөгөөд цаашид Дэлхийн эрүүл мэндийн
байгууллага тэргүүтэй холбогдох байгууллагуудад өргөн барихаар төлөвлөж байгаа ажээ.