Босни ба Герцеговинагийн хүн амын тоо 20 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-02 14:53:49

САРАЕВО. /АР/. Босни ба Герцеговина улсын хүн ам 1990-ээд оны эхээр болсон иргэний дайны өмнөх үеийнхээс 20 орчим хувиар цөөрснийг 20 гаруй жилийн дараа явуулсан хүн амын тооллогын дүн харууллаа.

2013 онд явуулсан хүн амын тооллогын дүнг тус улс саяхан дэлгэлээ. Өөрсдийнх нь нөлөө буурч болзошгүй гэж сербичүүд эмээн хүн амын тооллогын дүнг танилцуулахгүй удсан бололтой гэж ажиглагчид үзэж байна.

Хүн амын тооллогын дүнгээс үзвэл, хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан энэ улс одоо 3.53 сая хүн амтай аж. Энэ нь иргэний дайн дэгдэхийн өмнөхөн 1991 онд явуулсан өмнөх хүн амын тооллогынхоос 20 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.

Үндэстний цөөнх хоорондын цус асгаруулсан мөргөлдөөний үеэр 200 мянган гаруй хүн амь үрэгдэж, олон хүн өөр өөрсдийн улс руугаа явжээ.

Хүн амын тал хувь нь лалын шашинт босничүүд, 31 хувь нь үнэн алдартны шашинт сербичүүд бол 15 хувь нь Ромын католик шашинт хорватчууд аж.

Хүн амын дунд босничуудын эзлэх хувь дайны өмнөх үеийнхээс нэмэгдсэн бол серби болон хорватчуудын эзлэх хувь ялимгүй багасчээ.

Г.Доржханд

Связанные новости