Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 64.7 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-30 10:30:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 7 сард урьдчилсан гүйцэтгэлээр 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.4 (64.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 830.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1.6 их наяд төгрөг буюу 66.3 хувиар багассан байна.


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны 7 дугаар сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 107.4 (9.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ нэг их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 334.6 (25.2 хувь) тэрбум төгрөгөөр багасав.


Улсын нэгдсэн төсвийн орлогод татварын бус орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувь, тогтворжуулалтын сангийн орлого 3.1, ирээдүйн өв сангийн орлого 1.6 пунктээр нэмэгдэж, татварын орлого 7.6 пунктээр багаслаа.


Татварын нийт орлого энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.2 (50 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 1.2 (2 дахин) их наяд, нэмэгдсэн өртгийн албан татвар 415.6 (36.9 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 275 (30.5 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 176 (46.4 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 120.2 (30.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Татварын нийт орлого энэ оны 7 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 130.4 (12.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 289.4 (2.3 дахин) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 1.2 (1.3 хувь) тэрбум, онцгой албан татварын орлого 2.4 (3.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 100.7 (33.8 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 27.5 (13.2 хувь) тэрбум, хөрөнгийн албан татварын орлого 19.2 (70.4 хувь ) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 15.4 (16.4 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 9.2 пунктээр нэмэгдэж, нийгмийн даатгалын орлогынх 2.6, онцгой албан татварынх 2.5, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.2, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.2, бусад татварынх 0.7 пунктээр багаслаа.

 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 14.9 хувиар нэмэгдэв

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 7 сард байдлаар 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (14.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. 


Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (25.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.Харин хөрөнгийн зардал 488.4 (33 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны 7 дугаар сард 991.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 334.6 (25.2 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд урсгал зардал 262.7 (23.9 хувь) тэрбум, хөрөнгийн зардал 53.7 (28.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 13.4 пунктээр өсөж, бараа үйлчилгээний зардлынх 10.9, хүүгийн зардлынх 1.7, татаас 0.8 пунктээр багассан аж.


Хөрөнгийн зардал 2021 оны эхний 7 сарын байдлаар 993.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 488.4 (33 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Үүнд барилга, байгууламжийн зардал 329 (36.3 хувь) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 100.1 (50.3 хувь) тэрбум, бусад хөрөнгийн зардал 33.6 (10.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардал 58, бусад хөрөнгийн зардал 28.3, тоног төхөөрөмжийн зардал 10, их засварын зардал 3.1, стратегийн нөөц хөрөнгийн зардал 0.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс бусад хөрөнгийн зардлын эзлэх хувь 7.1 пунктээр өсөж, тоног төхөөрөмжийн зардлынх 3.4, барилга байгууламжийн зардлынх 3.2, стратегийн нөөц хөрөнгийн зардал 0.3, их засварын зардлынх 0.2 пунктээр багасжээ. Хөрөнгийн зардалд 2021 оны 7 дугаар сард 133.6 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх сарынхаас 53.7 (28.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. 

Связанные новости