ОУСК: КОВИД-19 болон уур амьсгалын хариу үйл ажиллагааг эрчимжүүлэхээ мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК) дэлхий даяар тархаад буй КОВИД-19-ийн халдвар болон уур амьсгалын хариу үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээ мэдэгдэв.
ОУСК нь өнгөрсөн санхүүгийн жилд иргэд, бизнес эрхлэгч нар болон улс орнуудыг хямралд тэсвэртэй болгох зорилгоор Зүүн Ази, Номхон далайн орнууд дахь уур амьсгалын өөрчлөлт болон КОВИД-19-ийн давхар хямралыг шийдвэрлэх үйл ажиллагааг эрс нэмэгдүүлж ирэв. Монгол Улс, ОУСК-аас сүүлийн 5 жилд хамгийн их санхүүжилт хүлээн авсан орон бөгөөд тус корпорацын хувьд анхаарлаа хандуулах гол улсын нэг хэвээр байx юм.
2021 оны санхүүгийн жил дэлхий даяар тархсан цар тахлаас үүдэлтэй гэнэтийн сорилт ихтэй байсан ч ОУСК өөрийн эх үүсвэрийн 2.8 тэрбум ам.долларын урт хугацааны санхүүжилт болон бусад хөрөнгө оруулагчдын 956 сая ам.долларын хамтарсан эх үүсвэрээс бүрдсэн нийт 3.8 тэрбум ам.долларын санхүүжилтийг тус бүс нутагт хуваарилсан нь түүхэндээ байгаагүй үзүүлэлт байв. Үүнээс гадна ОУСК нь худалдааны эргэлтийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум ам.долларын богино хугацааны санхүүжилт олгосон юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард ОУСК-аас Монголын томоохон ажил олгогчдын нэг "M-Си-Эс" группт, ажлын байраа хадгалах, мянга, мянган гүйцэтгэгч болон нийлүүлэгч жижиг, дунд компаниудыг хамгаалахад нь зориулж 130 сая ам.долларын санхүүжилт олгосон.
ОУСК-аас мөн Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт, КОВИД-19-ийн халдварын эсрэг хариу үйл ажиллагаа болгон 1.9 тэрбум ам.доллар зарцуулаад байна. Хөгжиж буй орнуудын эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдлыг бууруулахад чиглэсэн нийт 4 тэрбум ам.долларын төсөвтэй, ОУСК-ийн Дэлхийн Эрүүл мэндийн платформоос анхны санхүүжилтээ хийсний зэрэгцээ 3 тэрбум ам.долларыг тус бүсийн бичил, жижиг, дунд үйлдвэрт үйлчилдэг санхүүгийн байгууллагуудыг дэмжихээр хуваарилсан. Цар тахлын нөлөөнд илүүтэй өртөж буй бичил, ЖДҮ-үүд нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн бизнес эрхлэгчдийн дийлэнхийг бүрдүүлдэг бөгөөд тус бүс нутгийн хамгийн том ажил олгогч юм. ОУСК нь "Транскапитал" ББСБ-тай хамтран ирэх 3 жилд 15,000 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч, бичил болон хөдөө орон нутгийн бизнесийг дэмжихээр ажиллаж байна.
“Цар тахлаас үүдэлтэй бэрхшээлийг үл харгалзан ОУСК нь Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн сэргэлтийг хурдасгах үүднээс хувийн хэвшилд тулгуурлаж, дэд бүтцийн урт хугацааны хөрөнгө оруулалт босгох, ногоон, цэнхэр, нийгмийн болон тогтвортой санхүүжилт олгох, хил дамнасан хөрөнгө оруулалтыг татах, инновацид суурилсан санхүүгийн өсөлтийг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсээр байна” гэж ОУСК-ийн Ази, Номхон далайн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Альфонсо Гарсиа Мора хэлэв. “Шинээр томилогдсон бүсийн захирал Ким-Си Лимийн удирдлага дор ОУСК нь тус бүс нутгийг өнөөгийн болоод ирээдүйн сорилтуудыг давах тэсвэртэй болгохын төлөө тууштай дэмжин ажиллана” гэв.