Даатгалын хураамжийн орлого 17.2 хувиар нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-25 10:37:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний хагас жилд 111.1 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 29 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс даатгалын хураамжийн орлого 16.3 (17.2 хувь) тэрбум, даатгалын нөхөн төлбөр 1.3 (4.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Даатгалын хураамжийн орлого энэ оны хоёрдугаар улиралд 72.2 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеийнхээс 18.1 (33.4 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 33.2 (85.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Даатгалын нөхөн төлбөрт дээрх хугацаанд 16.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6 (37.9 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 4.4 (35.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Даатгалын хураамжийн орлого энэ эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 16.3 (17.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 9.6 (58.5 хувь) тэрбум, авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 5.3 (32 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.


Даатгалын нөхөн төлбөр энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (4.5 хувь) нэмэгдэхэд хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 1.8 (66.2 хувь) тэрбум, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр 624.6 (5.3 дахин их) сая, агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр 124.3 (32.7 дахин их) сая төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Даатгалын хураамжийн нийт орлогын 23.4 хувийг хөрөнгийн, 19.6 хувийг авто тээврийн хэрэгслийн, 16.9 хувийг жолоочийн хариуцлагын, 14.1 хувийг гэнэтийн осолын даатгал эзэлж байна. Даатгалын нийт нөхөн төлбөрийн 28.5 хувийг авто тээврийн хэрэгслийн, 23.8 хувийг жолоочийн хариуцлагын, 17.1 хувийг гэнэтийн осолын, 15.7 хувийг хөрөнгийн даатгал эзэлжээ.


Даатгуулагчид энэ оны эхний хагас жилд 671.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.5 (0.5 хувь) мянгаар нэмэгдлээ. Даатгуулагчдын 85.9 хувь нь иргэн, 14.1 хувь нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.  

Связанные новости