Эдийн засгийг 30 тэрбум доллароор тэлэх нөөц бололцоо байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-09 18:14:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 7 хоногт бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын тэргүүлэгч гишүүд, томоохон компанийн удирдлагын төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Энд ярьсан бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг хүргэж байна. 

Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, "Монгол Улсын эдийн засагт өнөөдөр 10 тэрбум ам.долларын эргэлт хангалтгүй байна. Өнөөдийн энэ байдлаар цааш явбал 5 жилийн дараа дөнгөж 2 тэрбум ам.доллароор л нэмэгдэхээр байгаа. Тиймээс Төр-хувийн хэвшлийн түншлэлээр эдийн засгийг богино хугацаанд хамтран сэргээж, 30 тэрбум ам.долларт хүргэх нөөц бололцоо байгааг судалгаагаар гаргасан эдийн засгийн "Их сэргэлт" гэсэн төлөвлөгөөний саналыг хүргүүлж байна" гэсэн юм. 

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, "Макс" группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар хэлэхдээ, "Монголчуудын амьдралыг богино хугацаанд өөд нь татах арга зам нь ерөөс томоохон төслүүдээ хугацаа алдахгүйгээр хөдөлгөж урагшлуулах явдал гэж үзэж байна. Бид 10-20 жил нэг юмаа л ярьсаар байдаг нь бас хуультай холбоотой гацдаг явдал байсаар байна. Нэг Цахилгаан станц барья гээд хөөцөлдөхөөр 5-6 жил уддаг" гэж байв. 




"М Си Эс" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, төр-хувийн хэвшлийн болон олон нийтийн түншлэлээр хамтарсан үлгэр жишээ төслийг ганц нэгээр нь ч хамаагүй түлхээд явуулвал манай эдийн засагт 30 тэрбум ам.долларыг ойрын жилүүдэд бий болгох, манай улс үсрэнгүй хөгжих боломж бололцоо бий. Үүнд төрийн тэргүүний хувьд анхаарч, урдын адил дэмжиж ажиллана уу гэж хүсэж байна" гэдгээ илэрхийлж байв. 

Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын дарга Т.Дүүрэн, бизнес эрхлэгчдийн хэлж буйгаар томоохон олон төслийг гацаадаг нэг шалтгаан нь тухайн төсөлд хэрэглэх мөнгийг татварын хөнгөлөлт эдэлж байгаа байдлыг ашиглаж, хууль бусаар эргэлдүүлж угаадаг, манай улсын түүхий эдийг ашигладаг явдал гэж үзэж буйгаа илэрхийлж байв. Дээрх байдал нь ченжийн тогтолцоог тэтгэж өгч байна гэв. 


Томоохон төслүүдийг Төр-хувийн хэшлийн түшнлэлээр хамтран хөдөлгөж эдийн засгаа сэргээх саналыг тавив.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МҮХАҮТ-ыг урьдын адил дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын болон бүс нутгийн бизнесийн санаачилгад Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх, МҮХАҮТ-ын гадаад харилцаа, олон улсад чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Ерөнхийлөгч анхаарал хандуулж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг тодотголоо. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зорилтыг хэрэгжүүлэх, бизнесийн салбарт төрөөс учруулдаг хүнд суртал, дарамтыг арилгах, эдийн засгаа богино хугацаанд сэргээн босгохын тулд улстөржилтөөс ангид байх зарчмаар МҮХАҮТ-тай хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Ялангуяа, хувийн хэвшилд тулгардаг дарамт шахалт, бизнесийн үйл ажиллагаан дахь төрөөс хамааралтай гацаа, саадыг арилгах асуудлаар төрийн тэргүүний хувиар онцгой анхаарал хандуулан ажиллана гэлээ. Уулзалтын дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх СЗХ-ны дарга Д.Баярсайханыг хүлээн авч уулзсан юм.  СЗХ-ны дарга Д.Баярсайхан санхүүгийн тогтолцоо, эрхзүйн байдал, үйл ажиллагааны талаар, тодруулбал, банкуудыг хувьцаат компани болгох үйл явцын талаар төрийн тэргүүнд танилцуулсан. Тэрээр, өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй арилжааны 11 банкаас 9 нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк болон СЗХ-нд ирүүлсэнийг мэдээлж, энэ оны  9 дүгээр сарын 1 гэхэд уг төлөвлөгөөг баталж, банкуудыг ХК-ийн хэлбэртэй болгох үйл ажиллагаа эхэлнэ гэдгийг мэдэгдсэн юм. 





Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай болсныг дурдаад, тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэ ажлыг эхлүүлсэн нь эхнээсээ хэрэгжиж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулан эхнээсээ дэшил гарч буйг сайшаагаад, цаашид хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөн хохироосон өндөр хүүтэй зээл олголтын эсрэг хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллах хэрэгтэйг онцолсон юм. Тэрээр, олон нийтийн оролцоог хангасан байдлаар ил тод, нээлттэй, баялаг бүтээгчдийг дэмжсэн байдлаар буюу өнөөгийн дэлхий ертөнцийн хөгжлийн шаардлага, жишгээр хийхийг тодотгосон юм. 


Связанные новости