Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа оны эхний хагас жилд 24.4 хувиар нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр энэ оны эхний хагас жилд 28.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.6 (24.4 хувь) сая тонноор нэмэгдлээ. Үүнд авто тээврээр тээсэн ачаа 4 (47.5 хувь) сая тонноор өссөн нь нөлөөлжээ.
Бүх төрлийн тээврээр 2021 оны эхний хагас жилд 27 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 34.8 (56.3 хувь) сая хүнээр багассан бөгөөд үүнд авто тээврээр зорчсон зорчигч 33.7 (55.5 хувь) сая хүнээр багассан нь нөлөөлжээ.
Түүнчлэн, бүх төрлийн тээврээр тээсэн ачаа энэ оны хоёрдугаар улиралд, өмнөх улирлынхаас 7.3 (41 хувь) сая тонн, зорчигч 12.6 (63.7 хувь) сая хүнээр багаслаа. Бүх төрлийн тээврийн орлого оны эхний хагас жилд 675.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.5 (5.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Авто тээврийн орлого 25.4 (13.8 хувь) тэрбум, төмөр замын тээврийн орлого 26.6 (7.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь бүх төрлийн тээврийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Харин бүх төрлийн тээврийн орлого энэ оны 2 дугаар улиралд 324 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 27.3 (7.8 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.