С.Амарсайхан: Ханги, Шивээхүрэн, Гашуунсухайтаар ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-02 09:46:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтын ачаа барааны урсгалыг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг арилгаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг ногоон бүс болгох чиглэл өгсөн. Ингэснээр  боомт дахь импорт, экспортын урсгалыг нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байгаа байдал цэгцэрнэ гэж үзсэн юм. Үүний дагуу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт Замын-Үүд боомт дахь ачаа тээврийн нөхцөл байдалтай танилцав. 

Тус хилийн боомтод өнгөрсөн сарын 1-ний байдлаар 2600 тээврийн хэрэгслийн дараалал үүсэж бараа бүтээгдэхүүний эргэлт саатаад байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар дээрх тоо буурч 1250 автомашин болоод байна. Ачаа тээврийн автомашинуудыг хилээр нэвтрүүлэхдээ 80 хувьд нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, хурдан муудах хүнсний бараа, үлдсэн 20 хувьд барилгын материал, уул уурхайн тоног төхөөрөмж оруулж ирж буй талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх танилцууллаа. 

Тэрээр, "9 дүгээр сарын 1 болох гэж байна. Хүүхдүүд танхимаар хичээллэж магадгүй байгаа тул бид юуны өмнө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эхний ээлжинд хилээр оруулахаар хилийн боомтын Зөвлөл шийдэн ажиллаж байна. Тодруулбал, эдийн засгийн голлох чиг үүрэг болсон барилга, уул уурхайн тоног төхрөөрөмж , техник хэрэгслийг хамгийн түрүү нэвтрүүлж байна. 170 автомашин орж ирлээ гэхэд 100-120-д өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнс, үлдэх 60-70-д нь тоног төхөөрөмж, материал оруулж байхаар мөрдөн ажиллаж байна" гэв. 




Б.Отгонсүх: Замын-Үүдээр эхний ээлжинд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна.



Шадар сайд С.Амарсайхан “Замын-Үүд боомтод одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг урт хугацаанд арилжихын тулд тус боомтын өргөтгөл, шинэтгэлийн ажлыг энэ ондоо багтааж дуусгах хэрэгтэй байна. Ингэснээр ачаа эргэлт болон зорчигч тээвэр 3-4 дахин нэмэгдэх боломжтой учраас боомтын өргөтгөлийн барилгын ажлыг 11 дүгээр сард багтааж 12 дугаар сараас өмнө ашиглалтад оруулах шаардлагатай юм.



Мөн ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэргэжлийн хяналтын лабораторийн шинэ байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг хилийн бусад боомтоор бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэх замаар хүнсний болон өргөн хэрэглээний бараа, барилгын материал, нэн шаардлагатай тоног төхөөрөмж зэрэг ААН-үүдэд нэг өдөр, нэг цаг ч гэсэн үнэ цэнтэй байгаа учраас эргэлтийг нэмэгдүүлэх нь чухал болоод байна. 

Нөгөө талдаа, үнийн зохиомол хөөрөгдөлтийг багасгахтай холбоотой арга хэмжээг Эрээний болон Замын-Үүд талд авч хэрэгжүүлнэ. Ингэснээр үнийн хөөрөгдөлт багасаж хуучин хэвэндээ орох, мөн ачаа эргэлт нэмэгдэх гэсэн эерэг нөхцөл байдал бий болно гэж үзэж байна” гэв.




Связанные новости