Хөдөлмөрийн тухай шинэ хууль

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-07-06 11:55:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн баталжээ (2021-7-2). Шинэ хуулийн  хамрах хүрээ өргөжиж, ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүрэг тэнцвэржсэн гэж хууль тогтоогчид үзжээХөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хянах арга механизм, нийгмийн түншлэлийн тогтолцоог оновчтой болох, хууль тогтоомжоо олон улсын конвенцэд нийцүүлсэн гэсэн тайлбар хэвлэл мэдээллээр хөвөрч байна.  Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд  шинэ харилцааны зохицуулалтуудыг хуульд тусгасан. Ийм учраас хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх олон талын ач холбогдолтой гэж албаныхан тайлбар өгчээ.


    Ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуульд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг бас тусгажээ.

Тухайлбал: 

  • Ажилтанд түүний цалин хөлс хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаарх мэдээллийг сар бүр өгч байх үүргийг ажил олгогч хүлээнэ.
  • Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй, ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цагаас илүүгүй байна” гэх мэт тодорхой заалтууд оруулж өгчээ.

Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын 86.2 хувь нь 1-9 ажилтантай. Албан бус салбарт нийт ажиллагчдын 17.6 хувь буюу 220.000 хүн ажиллаж байна. Аж ахуйн нэгж, байгууллага бүтцийн хувьд жижиг, малчид, албан бус салбарт ажиллагчдын тоо өндөр гэж Үндэсний статистик хороо 2018 оны 4 дүгээр улиралд мэдээлж байжээ. Түүн дээр түшиглэн  хөдөлмөрийн харилцааны энэ онцлогт тохирсон  зохицуулалтыг шинэ хуульд:

  • Туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
  • Ажил олгогч нь тэдэнд ажиллаж амьдрах хэвийн нөхцөлөөр хангах, ээлжийн амралт олгох үүрэг хүлээнэ.
  • Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно гэсэн заалтууд оруулжээ.       

Энэ нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд болон албан бус салбарт ажиллаж байгаа ажилтны цалин хөлс, ажил амралтын цаг, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг  тодорхой зохицуулалттай болгоход чиглэжээ. Мөн тэдний эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахаас ангид байх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид байх зэрэг суурь эрхийг хамгаалах боломжийг хангасан аж. 


Уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар хуульд тусгажээ. Объект (гэрээсээ хол) дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амарна. Түүнээс цөөн хоногоор ажилласан бол ажилласан хоногийн тоогоор амрах эрх зүйн орчин бий болгожээ. Энэ бол бас л шинэ зохицуулалт ажээ. Урьд нь хуулиар зохицуулж байгаагүй олон зүйл заалт Хөдөлмөрийн тухай шинэ хуульд орсон  бололтой. Хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тодорхой заалтууд оржээ. Тухайлбал:

  •     Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй, долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна.
  •      Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна.

УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2017 онд УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгажээ.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/183 тоот тушаалаар тус  яамны холбогдох газар, хэлтэс, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөл, зарим эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж байжээ.


Монгол Улсад хөдөлмөрийн харилцааг анх 1925 онд “Аливаа хүчин үнэлэгчдийн дүрэм”-ээр зохицуулж байсан нь хөдөлмөрийн харилцааны эрх зүйн үндэс болжээ.  Хөдөлмөрийн тухай хуулиудыг 1930, 1933, 1934, 1941, 1973, 1991, 1999 онд баталсан байх юмТус хуулиуд тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан хөдөлмөрийн харилцааны асуудлыг зохицуулж иржээ. 


Хөдөлмөрийн тухай хуулиар (1999 онд батлагдсан) төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах хэлбэрийг агуулжээ. Энэ нь хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлсэн зохицуулалт байсан аж. Гэтэл сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр ба гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг шаардах болжээ.


Тус хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Гэвч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна гэж тус хуулийн танилцуулгад дурджээ.


Хөдөлмөрийн зах зээл шинэ харилцаа шаардсан тул энэ хуулийг шинэчлэх шаардлагатай болсон бололтой. Шинэ хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Связанные новости