Таван өдрийн айлчлал - татварыг бууруулсан гэрээнүүд

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-03 13:13:13

УЛААНБААТАР, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Азийн орнуудаар хийсэн тав хоногийн айлчлалын эхний зогсоол нь Малайз байлаа.


Тэрбээр Куала-Лумпурт болсон АСЕАН-ы 47 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Тайланд, Камбожийн хооронд гал зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурахад байлцав.


Энхийн гэрээний тухайд, энэ бол яах аргагүй Трампын “гавьяа” мөн. Долоодугаар сард талуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн хурцдаад байсан тэр үед Америкийн Ерөнхийлөгч хоёр улсын удирдагчидтай утсаар ярьж, байлдааны ажиллагаагаа зогсоохгүй бол Камбож, Тайланд хоёртой худалдааны гэрээ байгуулахгүй гэж анхааруулж байв. Харин энхийн гэрээ байгуулагдсанаар Трампын биечлэн оролцож зогсоосон дайн байлдааны тоо 8 болжээ. Тайланд, Камбожийн удирдагчид анхнаасаа дээрх баримт бичгийг “энхийн гэрээ” гэж нэрлээгүй бөгөөд албан ёсоор бол “Харилцааны асуудлаарх хамтарсан тунхаглал” гэх даруухан  нэртэй байв. Ийнхүү хоёр тал эвлэрсний дараа Д.Трамп Камбожтай худалдааны гэрээ, Тайландтай чухал түүхий эд нийлүүлэх гэрээ байгууллаа.

Куала-Лумпурт байхдаа Д.Трамп Малайзын Ерөнхий Анвар Ибрагимтай уулзаж, өргөн цар хүрээтэй худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа. Америкийн Ерөнхийлөгчийн дүгнэн хэлснээр, хоёр талын хэлэлцээ хүлээлтээс давсан үр дүнтэй болсон бөгөөд дээрх гэрээ нь АНУ бүс нутгийн бусад улстай гэрээ байгуулахад жишиг болж, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх төдийгүй Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь Америкийн оролцоог бэхжүүлнэ гэж үзэж байна.


Гэрээний дагуу Малайзад үйлдвэрлэсэн химийн болон цахилгаан бараа, автомашин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг Америкийн зах зээлд давуу эрхээр борлуулах бол хариуд нь Малайзын тал цахим худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээг хязгаарлаж буй хоригуудаа цуцлах, Америкаас гаралтай барааг зөвшөөрөлгүйгээр экспортлохыг хязгаарлах үүрэг авчээ. Мөн Малайзын бараанд ногдуулсан 25 хувийн татвараа Д.Трамп 19 хувь болгож буурууллаа. Түүнчлэн хоёр тал газрын ховор металлын олборлон боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцжээ.


Ер нь бол, АСЕАН-ы орнуудын хувьд АНУ бол маш том зах зээл бөгөөд өнгөрсөн онд холбооны гишүүн 10 улс нийлээд Америкт 312 тэрбум долларын бараа нийлүүлсэн байна. Тэдгээрийн дотроос Вьетнам, Тайланд хоёртой хийж буй худалдаанаас АНУ хамгийн их алдагдал хүлээдэг ажээ. Иймээс Трамп 10-40 хувийн татвар ногдуулсан нь АСЕАН-ыг маш ихээр сандаргаж, тус эвслийн зүгээс “АНУ протекционизмын бодлого явуулж байгаад санаа зовниж байгаагаа” илэрхийлж байв. Тэгэхээр 2017 оноос хойш АСЕАН-ы чуулганд ирээгүй Д.Трампыг хүндэтгэн угтаж авах нь зүй ёсны хэрэг юм.


Америк-Японы харилцаан дахь “алтан үе”


Ерөнхийлөгч Д.Трамп Токиод ирсэн даруйдаа Японы Ерөнхий сайдаар хэдхэн хоногийн өмнө томилогдсон Санаэ Такаичи-гийн хамтаар Газрын ховор металлын тухай гэрээнд гарын үсэг зурж, хоёр орны харилцаанд “шинэ алтан үе” ирснийг онцлон тэмдэглэв.


Стратегийн ач холбогдолтой түүхий эдийн гэрээ байгуулсан нь гар утаснаас эхлээд сөнөөгч онгоц үйлдвэрлэхэд ашигладаг газрын ховор металлын тал дээр Хятадаас хамаардаг байдлыг багасгах зорилготой юм.

С.Такаичи бол гурван жилийн өмнө бусдын гарт амиа алдсан Шинзо Абэ асны ойрын хамтран зүтгэгчдийн нэг юм. Тэрбээр Трамп, Абэ нар гольф тоглох хобби нэгтэй байсныг дурсан сануулж, талийгаач Абэгийн хэрэглэж байсан цохиурыг Америкийн Ерөнхийлөгчид бэлэглэжээ. Мөн Камбож-Тайланд, Израил-ХАМАС-ын хооронд гал зогсоож чадсан түүнийг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлнэ гэдгээ амлалаа.


Өөр нэгэн томоохон тохиролцоо бол анх Трамп Японы бараанд 40 хувийн татвар ногдуулна гэж байснаа 15 хувь болгосон явдал юм. Үүний хариуд Японы тал Америкийн эдийн засагт 550 тэрбум долларын хөрөнгө оруулахын зэрэгцээ Америкийн автомашин, нисэх онгоцууд болон ХАА, эрчим хүчний салбарын бүтээгдэхүүнүүдийг худалдан авахаар болжээ.


Үүний зэрэгцээ “Хятадын аюул занал өсөн нэмэгдэж буй үед батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 2 хувьд хүргэ” гэсэн Трампын шаардлагыг биелүүлэхийн тулд цэргийн төсвөө нэмэгдүүлнэ гэдгээ Такаичи амлалаа. 


Дараа нь хоёр удирдагч Ёкошүки дахь Америкийн цэргийн баазад байрлаж буй нисэх онгоц тээгч USS George Washington хөлөг онгоцны бүхээгт зочилжээ.


“Аймшигт дайны нурман дундаас үүссэн бидний харилцаа 80 жилийн дараа гайхамшигтай найрамдал нөхөрлөлийг бий болголоо” гэж Д.Трамп америк цэргүүдийн өмнө үг хэлэхдээ онцлон тэмдэглэв.


Өмнөд Солонгосоос АНУ-д 600 тэрбумын хөрөнгө оруулна 


Д.Трамп Азийн орнуудаар хийж буй таван өдрийн айлчлалынхаа хүрээнд 10 дугаар сарын 29-ний лхагва гарагт Өмнөд Солонгост хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтэй уулзлаа.  


Ли Жэ Мён хүндэт зочиндоо улсынхаа хамгийн дээд шагнал болох “Мүгүнхва” одон болон эртний Шилла хаант улсын алтан титмийн хуулбарыг бэлэглэжээ.


Үүний дараа хоёр удирдагч худалдааны гэрээний нарийн ширийн асуудлуудыг хэлэлцсэн байна. Тухайлбал, энэ оны долоодугаар сард хоёр тал хэлэлцээ хийж, Өмнөд Солонгосын бараанд ногдуулах татвараа АНУ 15 хувь болгож бууруулсны хариуд Өмнөд Солонгосын компаниуд Америкийн эдийн засагт 350 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, дээр нь 100 тэрбум долларын газрын тос, байгалийн хий худалдан авахаар тохиролцоод байсан юм.


Энэ удаагийн уулзалтаар Трамп, Ли нар Өмнөд Солонгосын талын амласан 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай холбоотой тохиролцоог эцэслэн шийдвэрлэв. Тодруулбал, дээрх мөнгөнөөс 200 тэрбум ам.долларыг бэлнээр хэсэгчлэн гаргах бөгөөд жилд 20 тэрбум ам.доллароос хэтрүүлэхгүй. Харин үлдсэн 150 тэрбум ам.долларыг Америкийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийг сэргээхэд оруулах ажээ.


Хоёр тал эхний хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх хүртэл ашгийг тэнцүү хуваах, зөвхөн арилжааны хувьд ашигтай бизнесийн төслүүдийг хөгжүүлэхээр тохиролцжээ.. 


Д.Трампын нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэнээр бол, Өмнөд Солонгосын компаниудын АНУ-ын эдийн засагт оруулах хөрөнгийн хэмжээ нийтдээ 600 тэрбум долларт хүрэх ажээ. Мөн хоёр талын цэргийн хэлхээ холбоо өргөжиж буйг харгалзан үзсэний үндсэн дээр Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн флотод зориулж цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэнэ гэж Трамп амлав.


Өнгөрсөн оны байдлаар Өмнөд Солонгосын нийт экспортын 18 хувь нь АНУ-д ногдож байсан бөгөөд үүнд автомашин, авто сэлбэг болон АНУ-д автомашин, аккумулятор, бичил схемийн үйлдвэрүүдийг барьж буй Өмнөд Солонгосын компаниудын хэрэгцээнд нийлүүлж буй тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн орж байна.  


Трамп-Шигийн уулзалт


2019 онд Бусанд болсон АПЕК-ийн чуулганы үеэр хамгийн сүүлд хоорондоо уулзаж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 30-ны өдөр Бусан хот дахь Кимхэ агаарын цэргийн баазад уулзлаа. Багагүй хүлээлт дагуулж байсан уулзалт харьцангуй богино хугацаанд буюу 1 цаг 40 минут үргэлжилсэн бөгөөд Д.Трамп “10 онооноос 12 оноогоор үнэлэх хэмжээний үр дүнтэй уулзалт болсон” гэж өндрөөр үнэлсэн байна.   


Тэрбээр Ши Жиньпинийг “агуу улсын агуу удирдагч” гэж нэрлээд, хоёр улс “урт хугацаанд гайхамшигтай сайхан харилцаа тогтооно” гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Д.Трамп сүүлийн хэдэн сарын турш Хятадын бараанд ногдуулсан татварыг нэмэгдүүлнэ гэж сүрдүүлсний зэрэгцээ фентанил үйлдвэрлэхэд хэрэглэгддэг химийн бодисуудын экспортоо хянахыг Хятадаас шаардаж байсан юм.  

АНУ-ын худалдааны бусад түншүүдээс ялгаатай нь гэвэл, дээрх шаардлагуудын хариуд Хятадын тал буулт хийсэнгүй, харин ч эсрэгээр Америкийн эмзэг талыг онилж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нь худалдан авахаас татгалзаж, газрын ховор металлын экспортоо хязгаарлаж эхлэв. АНУ болон дэлхийн улс орнууд Хятадын газрын ховор элементүүдээс ихээхэн хамааралтай байдаг билээ.


Энэ удаагийн Бусаны уулзалтаар Трамп татвараа 10-20 хувиар бууруулахыг зөвшөөрснөөр дундаж хэмжээ нь 57-гоос 47 хувь болно. Мөн газрын ховор металлын экспортод тавьсан хязгаарлалтаа Хятадын тал сулруулсан тохиолдолд хагас дамжуулагчийн экспортод тавих хяналтаа Вашингтон мөн зөөлрүүлж, Nvidia болон бусад компаниас чип худалдан авах асуудлаар хэлэлцээ хийх боломжийг Хятадын компаниудад олгоно гэж амласан байна. Түүнчлэн Хятадын тал Америкийн фермерүүдийн тарьж ургуулсан шар буурцгийг худалдан авахаар болжээ.


Уулзалтын төгсгөлд Трамп ирэх оны 4 дүгээр сард Хятадад айлчлах, үүнээс төдий удалгүй Хятадын удирдагч АНУ-д хариу айлчлал хийхээр тохиролцсон байна.


Хятадын удирдагч уулзалтаас “халуун дулаан сэтгэгдэлтэй үлдсэн” гэдгээ хэлээд, АНУ, БНХАУ хоёрын байр суурь үргэлж таарч тохирдоггүй боловч түнш, найзууд хэвээр байх ёстой гэлээ. Хятад улсын хөгжин цэцэглэлт нь “Америкийг дахин агуу болгох” Трампын зорилтод харшлахгүй бөгөөд хоёр улс хамтдаа хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэв.


Хоёр тал Хятадын хувьд эмзэг байдаг Тайваний асуудлыг хэлэлцсэнгүй, харин Орос-Украины дайныг зогсоох асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.


Харин хэлэлцээ дууссаны дараа хоёр удирдагч хэвлэлийнхэнд зориулж ямар ч мэдээлэл хийсэнгүй, Трамп шууд онгоцондоо суугаад нутаг буцав. Харин онгоцон дотор тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Хятадтай нэг жилийн хугацаатай худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцсон бөгөөд удахгүй гарын үсэг зурна, хоёр талын харилцаанд ноцтой гэхээр саад бэрхшээл тийм ч олон үлдээгүй гэдгийг дурдлаа.  

Связанные новости