Шинэ нисэх буудал руу нийслэлийн 4 цэгээс автобус явахаар төлөвлөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, энэ сарын 11-ний өдрийн байдлаарх бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ.
Өргөтгөсөн хурлын өмнө хил дээр хамтын ажиллагаатай гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн байгууллагууд болон агаарын тээврийн компанийн зарим удирдлага, холбогдох мэргэжилтнүүд шинэ нисэх буудлын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Иргэний нисэхийн үндэсний төвийн дэд дарга Н.Мягмарсүрэнгийн танилцуулснаар ИНЕГ-аас хэрэгжүүлэх 72 ажил 89.2, шинэ нисэх буудлыг концессын гэрээгээр удирдаж буй “НУБИЭ” ХХК-аас хэрэгжүүлэх 69 ажил 81, нийт гүйцэтгэл 85.1 хувьтай явж байна.
Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд ИНЕГ-ын даргын энэ оны 5 дугаар сарын 27-ны тушаалаар 34 хүний бүрэлдэхүүнтэй “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төв”-ийг байгуулаад байна. Тус төв “Чингис хаан” буудалд байрлан нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний нарийвчлан төслийг боловсруулж, “НУБИЭ” ХХК-тай тогтмол уулзалт хийж, санал солилцон хамтарч ажиллаж байна. Үндсэндээ “Чингис хаан" нисэх буудлын үйл ажиллагааг энэ оны 7 дугаар сарын 4-нд нээхээр төлөвлөж Монгол Улс руу нисэн ирэх болон нисэн хөөрөх бүх арилжааны нислэгийг Хөшигийн хөндий дэхь "Чингис хаан" нисэх буудалд үйлдэх талаар холбогдох /NOTAM/ мэдээллийг олон улсад зарлахаар болжээ. Ингэснээр шинэ нисэх буудал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа тодорхой болж Буянт-Ухаа буудлаас зарим ажилтныг үе шаттай шилжүүлэн ажиллаж эхэллээ.
Шинэ нисэх буудлыг нээх, шилжүүлэн нүүлгэх ажил 85.1 хувьтай байна.
Түүнчлэн агаарын хөлөгт шатахуун хангамжийн болон газрын тусгай үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг нарийвчлан шалган баталгаажуулах ажлыг хийгээд байгаа талаар ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын Нисэх буудал хариуцсан менежер Б.Ганхуяг хуралд оролцогчдод мэдээлэл өглөө. Хурлын үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ю.Бямбадорж Улаанбаатар хотоос шинэ нисэх буудал хүрэх нийтийн тээврийн төлөвлөлтийг мөн танилцуулав. Төлөвлөлтөөр хотын 4 цэгээс шинэ нисэх буудал руу автобус явахаар төсөл гаргажээ.
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом ажиллаж байна.