Монголд банкны хоёр шатлалт тогтолцоо үүсэн хөгжсөний 30 жилийн ой тохиов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоог үүсгэн хөгжүүлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Анх төв банк нь төр засгаас өгсөн үүрэг даалгаврыг тав таван жилээр төлөвлөж иржээ. Ингэснээр амжилт, үр дүнгээ тооцдог төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих дөнгөж эхэн үед улсын мөнгөн гүйлгээг хариуцаж, үйлдвэр, аж ахуйн байгууллагуудын санхүүгийн асуудлыг бүрэн мэдэж, хянадаг улсдаа ганц Улсын банкны Ерөнхий хороог 1991 онд Улсын бага хурлаар Төв банк, арилжааны банк гэсэн хоёр шатлалтай болгож, эрх үүргийг нь хуульчилж өгснөөр Монголд орчин цагийн банкны тогтолцоо үүссэн түүхтэй.
Ойг тохиолдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр мэндчилгээндээ, энэ түүхэн хугацаанд банкны салбар хүний нөөцийн чадавх, хууль эрхзүйн орчин, зохицуулалт, шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, бүтээгдэхүүн-үйлчилгээ зэрэг бүх чиглэлээр тасралтгүй хөгжин шинэчлэгдэж ирлээ. Энэ онд Банкны тухай хууль шинэчлэгдсэнээр арилжааны банкууд олон улсын жишигт нийцсэн засаглал, өмчлөлийн хэлбэрт шилжих, нээлттэй ил тод, олон нийтийн хяналттай болох реформ бүхий шинэчлэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь зохицуулагч байгууллага, банк, банкны харилцагч, үйлчүүлэгч, хөрөнгө оруулагчдын хувьд цоо шинэ эрин үеийн эхлэл болж байна гэдгийг онцолжээ.