Энэ оны хоёр дахь бондыг "Инвескор ББСБ" ХК гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК хөрөнгийн зах зээл дээр бонд гаргахаар боллоо. Тодруулбал, 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн хүүтэй, нийт 20 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий 200 мянган ширхэг өрийн хэрэгслийг арилжихаар боллоо. Тус компанийн шийдвэрийг СЗХ 5 дугаар сарын 27-нд бүртгээд байна.
Тус компани энэхүү бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 20 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ингэж зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлснээр бизнес эрхлэгч болон харилцагч нартаа урт хугацаатай, тогтвортой эх үүсвэрээр хангах, үйл ажиллагааг нь дэмжих боломж нэмэгдэх юм. Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.
Ташрамд мэдээлэхэд, энэ нь энэ оны хоёр дахь бонд гаргаж буй үйл явдал юм. Үүний өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК 2 их наяд төгрөг хүртэлх бондыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон арилжсан юм.