Зам засварт Беларусь улсаас нийлүүлсэн "МАЗ"-ууд ажилдаа гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Беларусь Улсаас манай улсад нийлүүлж буй "МАЗ" үйлдвэрийн автозамын засвар, арчлалтын машин механизм, техникийг өнөөдөр ЗТХЯ-нд хүлээн авлаа. Техникүүдийг хүлээн авч түлхүүр гардуулах ажиллагаанд ЗТХ-ийн сайд Л.Халтар, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Р.Буд, Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной нар болон аймаг, орон нутгийн Авто замын засвар арчлалт (АЗЗА)-ын компаниудын төлөөлөл, жолооч нар оролцлоо.
Сайд Л.Халтар ажиллагааг нээж хэлэхдээ, хоёр орны Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан Экспортын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд “МАЗ” компанийн үйлдвэрлэсэн авто замын нүхэн засварын битум эмульсийн технологид суурилсан 21, хосолмол ажиллагаатай тусгай зориулалтын тоноглол бүхий мөн 21 автомашин, нийт 3.3 сая еврогийн өртөг бүхий 42 машин, механизмыг олон улсын болон улсын чанартай авто замын засвар арчлалтын 20 байгууллагад хүлээлгэн өгч буйг онцоллоо.
Тэрээр, авто замчдын олон үйлдлээр хийдэг ажлыг хөнгөлж, нэг дор олон ажлыг амжуулах сүүлийн үеийн эдгээр хүчирхэг техникүүд зам засвар, арчлалтын ажил ид эхэлж буй үед манай улсад цагаа олж ирж буйг цохон тэмдэглэж, орон нутагт эхнээсээ ажилдаа гарсныг дуулгаж автозамчдын алтан шар зам өлзийтэй, ажил үйлс арвин байхыг ерөөлөө.
ЗТХЯ-наас өнгөрсөн жил батлан гаргаж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан АЗЗА-ын компаниудын үйл ажиллагааны чадавхыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд бид олон жил болж хуучирсан техник, тоног төхөөрөмжүүдийг халж шинэчилж бүрэн тоноглох, боловсон хүчний чадварыг сайжруулах үндсэн 2 зорилт тавьсан. Үүний эхнийх, АЗЗА-ын компаниудыг шинэ техник, тоног төхөөрөмжөөр хангах ажил өнөөдөр ийнхүү эхэлж буйг тодотгож хэллээ.
Тэгвэл Беларусь улсын Элчин сайд С.В.Чепурной хоёр орны хоорондох гэрээ хэлэлцээрийн төслийн эхний шатны ажлууд хэрэгжиж буйд таатай байна. Эдгээр техникийг нийлүүлэхэд хүчин чармайлт гарган хамтран ажилласан хоёр орны ЭСЯ, ЗТХЯ, Сангийн яам, "Зам, тээврийн хөгжлийн төв" зэрэг Монгол Улсын холбогдох төрийн байгууллагуудад талархлаа илэрхийллээ. Беларусь улсын техникүүд хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулан оролцож, Монгол Улсын автозамын хөгжлийг урагшлуулахад тууштай ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
"Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Р.Буд, “Беларусь улсаас техник нийлүүлж буй энэхүү төсөл нь Монголд сүүлийн үеийн дэвшилтэт шинэ техник технологи нэвтрүүлж байгаа юм. Хүчин чадал сайтай тусгай зориулалтын машин механизмаар хангаж, засвар арчлалтын чанар үр ашгийг дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын бэлэн байдлыг сайжруулахад үр дүнгээ өгнө. Битум эмульсээр зам нөхөгч автомашин нь авто замын хучилтад үүсээд байгаа нүхэн эвдрэлд зарцуулах хүн хүч, хүнд машин механизмын техникийн оролцоог багасгах, технологийн үе шатны ажлын дарааллыг хөнгөвчлөх, алслагдмал бүс нутагт түргэн шуурхай хүрч, автозам тавих, арчлах ажиллагааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, цаг хугацаа хэмнэх давуу талтай юм” гэдгийг онцлов.
Төслийн хүрээнд Беларусь улсын “МАЗ” үйлдвэрийн 2 инженер манай улсад уригдан ирж нийлүүлж буй машин механизмын угсралт, техник ашиглалтын онолын болон дадлага, сургалтыг "Зам, тээврийн хөгжлийн төв" дээр авто зам, засвар арчлалтын байгууллагуудын инженер техникийн ажилтан, механизмчин, жолооч нарт зохион байгуулж байна. Мөн хатуу хучилттай авто замд нөхөөс хийх БИС-310М-01 маркийн автомашиныг ашиглах, техникийн засвар үйлчилгээ хийх гарын авлагыг орос хэлээс орчуулан бэлтгэж, машин механизмын хамт хүлээлгэн өглөө.
Гэрэл зургуудыг Н.Батбаяр