Б.Чулуудайг гүтгэсэн нөхдийг шалгуулах гомдол өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-21 12:46:23

 МАН-аас НИТХ-ын сонгуульд дэвшиж байгаа нэр бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Б.Чулуудайг “оффшор данстай”, “түүгээрээ гүйлгээ хийсэн нь тогтоогдож байна” гэж илт худал, нэр төрд халдсан гүтгэлгийн чанартай мэдээ тараалаа гэж  иргэн Б.Чулуудайн өмгөөлөгч Д.Нямдорж болон нийслэлийн АН-ын хуулийн зөвлөх Р.Батцогт нар өчигдөр мэдээлэл хийв. 

Хуулийн зөвлөх Р.Батцогт “Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлтэй нэг тойрогт өрсөлдөж буй МАН-ын нэр дэвшигч Б.Цэрэн гэгч, түүний хамсаатнууд нь АН-ын нэр дэвшигчийн эсрэг ухуулга сурталчилгаа хийж Сонгуулийн тухай хуулийн 70.5.13-ийн “...бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараахыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдлийг олон давталттайгаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон ухуулга сурталчилгааны явцад гаргасаар байна” гэв.

Мөн Б.Чулуудайн өмгөөлөгч Д.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн 16-ын 14-т “... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байх ба “оффшор компани”-тай байх нь МУ-ын Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг гэж заасан нэг ч зүйл заалт байхгүй гэдгийг онцоллоо. Тэрээр үргэлжлүүлэн “Б.Чулуудайг “гэмтэн” “ гэмт хэрэг үйлдсэн” гэх буруу ойлголтыг нийгэмд тараан түгээж сонгуулийн зорилгодоо ашиглаж байна. Тиймээс энэхүү явуургуй үйл ажиллагааг таслан зогсоож, энэ ажлыг гардан зохион байгуулж буй этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар иргэн Б.Чулуудайгийн зүгээс цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргалаа” гэв. 

Ж.Батсайхан

Связанные новости