“Voice” шоунд оролцогч Алехандро Фуэнтес-ийг Чикагод хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЧИКАГО. /BBC/. “The Voice” хэмээх авьяастнуудын шоуны 2011 оны мексик хувилбарын оролцогчийг Чикаго хотод буудаж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
45 настай Алехандро Фуэнтес пүрэв гарагийн орой буудуулан эмнэлэгт хүргэгдэж ирээд бямба гарагт нас барсан байна.
Энэ гэмт хэрэг “The Voice”-д оролцож байсан дуучин Кристина Гриммиг Флорида муж улсын Орландо хотод буудан хөнөөснөөс хойш 10 хоногийн дараа гарчээ.
Энэ онд Чикаго хотод гарсан хүн амины хэргийн тоо 2015 оныхоос 72 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Фуэнтес пүрэв гарагийн орой найзуудынхаа хамтаар төрсөн өдрөө тэмдэглэж байсан байна. Тэрбээр Чикаго хотын баруун-өмнөд дүүрэг дэх Залуучуудын урлагийн сургууль болох “TrasBambalinas”-ын гадаа автомашиндаа сууж байжээ.
Буутай этгээд түүнийг машинаасаа гарахыг шаардахад тэрбээр татгалзсан байна. Үүний дараа гэмт хэрэгтэн түүний толгойн тус газар гурван удаа бууджээ. Одоогоор сэжигтнийг хайж байна.
22 настай Гриммийг Орландод болсон концертынхаа дараа гарын үсэг зурж байх зуур нэгэн фен нь буудаж хөнөөгөөд, дараа нь өөрийгөө хороосон байна.
Х.Сарнай