АНЭУ-д "TikTok"-н хэрэглэгчид шоронд хоригдох ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-29 13:30:43

ДУБАЙ. /TASS/. Дубай хотын машины зогсоол дээр буун дуу гарч, хүмүүсийн хашхирах чимээ сонсогдох дүрс бичлэгийг “TikTok” нийгмийн сүлжээнд байршуулсан Бангладешийн иргэнд 6 сарын шоронд хоригдох ял оноож, таван мянган дирхамын торгууль ногдуулжээ.


Түүнчлэн ял эдэлснийх нь дараа түүнийг нутаг буцаах шийдвэрийг Дубай хотын шүүх гаргасан байна. Өдгөө 34 настай Бангладешийн иргэн тус хотод зөөгчөөр ажилладаг байсан аж.  


“TikTok” нийгмийн сүлжээнд түүний байршуулсан хуурамч бичлэг олны хараанд өртсөнөөр цагдаа нар түүнийг баривчилсан байна. Мөн “TikTok” хаягийг нь хаажээ.


АНЭУ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн 28 дугаар зүйл заалтад үндэсний аюулгүй байдалд заналхийлж, нийтийн хэв журмыг алдагдуулсан зураг, дүрс бичлэгийг нийтлэхийг хориглосон байдаг аж.


АНЭУ Кибер аюулгүй байдлын гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуульд 2018 оны 8 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тус зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд шоронд хоригдох, нэг сая хүртэлх хэмжээний дирхамаар торгуулж болзошгүй юм.

Связанные новости