Улаанбаатар хотын Худалдааны танхимаас мэдэгдэл гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Худалдааны танхим, Гүйцэтгэх захирлуудын СЕО клубээс мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 90 мянга гаруй ААН-ийн 3 хувийг эзэлдэг 50-иас дээш ажилтантай томоохон аж ахуйн нэгжүүд татварын нийт орлогын 60 гаруй хувийг бүрдүүлж, эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч болж буйг тодотгоод, "Аливаа бизнес олон жилийн туршид бий болгосон харилцан итгэлцлийн нарийн дээсэн дээр оршин тогтнодог. Энэ итгэлцлийн сүлжээнд үйлчлүүлэгч, нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, эзэд, төрийн холбогдох институцүүд, ер нь нийгэм тэр чигээрээ оролцдог.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд үндэснийхээ манлайлагч бизнес эрхлэгчдийн нэр төрд халдах, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь харлуулах, олон нийтийн дунд бизнес эрхлэгчдийг улс төрийн ашиг хонжоо хайсан албан тушаалтан, ашиг сонирхлын бүлэглэлийн ил далд явуулгаар харлуулах, гүтгэн доромжлох, олон жилийн нөр их хөдөлмөр, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон нэр төрийг нь зохион байгуулалттайгаар гутаах ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээгээр идэвхийлэн явуулсаар ирлээ.
Энэ нь эргээд ард түмнийг хагаралдуулах, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг үгүйсгэх, эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа хувийн хэвшлийн хөгжлийг боомилж, өрсөлдөх чадварыг нь сулруулж улмаар Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг нь үгүй хийх, татвар, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг багасгах аюулыг дагуулна.
Эдгээр компанийн нэр төрд зохион байгуулалттайгаар халдсанаар нийгэмд эргэлзээ төрүүлж, ажиллагсдынх нь дунд үл итгэх явдал бий болгож, өнөөдрийн цар тахлын хүнд цаг үед тухайн компанийн үйл ажиллагааг доголдуулж, ажлын байраа хумих, ажлаа зогсоох хүртэл ч уршиг дагуулж болзошгүй юм. Цаашилбал, Монголд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй, бизнесийн орчин нь тогтворгүй гэдэг үнэлгээг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын дунд улам бүр баталгаажуулж, биднийг олон улсад харах өнцгийг сөрөг болгосоор байгаа юм.
Иймд, үндэсний манлай бизнес болон хөрөнгө оруулагчдын нэр төрд халдсан үндэслэлгүй мэдээ, мэдээллийг олон нийтэд цацаж, нийгэмд хагарал, үл ойлголцол бий болгох бүхий л оролдлогын эсрэг хуулийн хүрээнд боломжтой бүхий л арга хэмжээг CEO клуб, Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас авч, өөрийн гишүүн байгууллага, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах тал дээр хатуу зогсох болохыг мэдэгдэж байна гэжээ.