Их Британи вакцин хийлгэсэн хүмүүст паспорт олгохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Sky News/. Ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж байгаа учраас Их Британийн Засгийн газар иргэддээ "коронавирусний вакцины паспорт" олгох төлөвлөгөөгүй байна гэж тус улсын вакцинжуулалтын хөтөлбөрийг хариуцсан сайд Надим Захави мэдэгджээ.
Их Британийн Засгийн газар вакцинд хамрагдсан хүмүүст паспорт олгох асуудлыг судалж байгаа эсэх тухай сэтгүүлчдийн асуултад тэрбээр “үгүй ээ, судлаагүй” гэж хариулсан байна. "Нэгдүгээрт, вакцинууд вирусний тархалтын түвшинд ямар нөлөө үзүүлэхийг бид мэдэхгүй, хоёрдугаарт, энэ нь ялгаварлан гадуурхсан явдал болно. Паспорт авахын тулд хийлгэх биш вакцин хийлгэхийг хүсэж байгаа учраас хүмүүс ирж хийлгэх нь зөв гэж би үзэж байна" гэж Завахи хэлжээ.
"Бямба гаргийн байдлаар бид вакцины эхний тунг 11.5 сая хүнд хийсэн бөгөөд вакцин хийлгэсэн хүмүүст Үндэсний эрүүл мэндийн албанаас эхний тунг хийлгэсэн өдөр болон дараагийн тунг хийлгэх өдрийг заасан картыг олгосон. Хэрэв бусад улс орон Их Британийн иргэдээс коронавирусний вакцин хийлгэсэн гэдгээ нотлохыг шаардвал британичууд эмчээс батлах хуудас авч болно" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Их Британийн эрх баригчид гадаадын зарим орноос тавьж буй зохих шаардлагын дагуу гадаадад аялахаар төлөвлөж буй иргэдэд зориулж, коронавирусний вакцины дижитал паспорт олгохоор төлөвлөж байгаа тухай "The Times" сонин урьд нь мэдээлжээ.