Эрдэмтэд коронавирусний "орос хувилбар"-ыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-01-12 19:34:40

МОСКВА. /Известия/. ОХУ-ын эрдэмтэд дархлаа нь дарангуйлагдсан өвчтөний биед дөрвөн сар байх хугацаандаа 18 шинэ хувиралд орсон коронавирусний хувилбарыг илрүүлжээ. Эрдэмтэд энэ хувилбарын талаарх судалгааныхаа урьдчилсан дүгнэлтийг нийтэлсэн байна. 


Коронавурсний хувьссан хувилбарууд ходкины бус лимфома буюу лимфийн тогтолцоонд хөгждөг хорт хавдар нь дөрөвдүгээр үе шатандаа орсон 47 настай эмэгтэйгээс илэрчээ. Уг эмэгтэй өнгөрсөн оны дөрөвдүгээр сард химийн эмчилгээ хийлгэж байхдаа коронавирусний халдвар авсан байна. Халдвар авснаас нь хойш PCR шинжилгээг маш олон удаа хийсэн бөгөөд есдүгээр сарын 9 хүртэл хариу нь эерэг гарчээ.


Эрдэмтэд өвчтөний арчдасны дээжээс коронавирусний геномыг анхны хувилбараар нь авсан байна. Материалыг харьцуулж үзээд шинжээчид түүний биед виурс 18 шинэ хувиралд орсон гэж дүгнэжээ. Үүнээс хоёр нь урьд нь Данийн усны булгаас илэрсэн хувилбартай ижил аж. Тухайн үед эмгэг төрүүлэгчийн шинэ хувилбар илүү хурдан үржиж, түүний эсрэг вакцин үр дүнтэй байх нь эргэлзээтэй байсан тул амьтдыг устгасан билээ.


Шинэ хувилбарын хувьслууд дархлаа дарангуйлагдсан бусад өвчтөнд өмнө нь ажиглагдаж байсан вирусний хувьсалтай, мөн дархлаа султай хүнд үүссэн гэж таамаглаж байгааа "британийн хувилбар"-тай адилхан байгааг Сибирийн Их Сургуулийн Геномик, биоинформатикийн тэнхимийн профессор, Геттингенийн Их сургуулийн профессор Константин Крутовский онцолжээ.


“Гэхдээ Оросын эрдэмтдийн энэхүү судалгаа “SARS-CoV-2” вирус нэг хүний биед удаан хугацаагаар байсны улмаас олон тоогоор хувиралд орж байгааг анх удаа баттай харуулсан” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


Үүний зэрэгцээ тэрбээр ганцхан тохиолдлыг судалсан учир коронавиурсний “орос хувилбар” хурдан халдварладаг эсэх талаар дүгнэлт хийх нь эрт байгааг цохон тэмдэглэв.

Связанные новости