Залуучууд хөгжлийн төлөө цахимаар чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-23 21:21:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Энтерпрайзинг Эрэл” онлайн арга хэмжээ өнөөдөр болж байна. Энэ нь залуучуудын манлайлал, нийгмийн инновац, энтерпренершип санаачилгыг дэмжих, энэ талын мэдлэг, мэдээллийг түгээх зорилготой үйл ажиллагаа юм.

Хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан эзэлдэг Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх явцыг хурдасгах, хөгжлийн сорилтуудыг даван туулахад залуучуудын энтерпрайзинг ур чадварыг дэмжих нь нэн чухал. Энэ үүднээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБХХ-ийн Бангкок дахь Бүсийн төв, манай улсаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газартай хамтран “Монгол Энтерпрайзинг Эрэл” онлайн арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдрөөс 2 өдөр үргэлжлэх энэхүү үйл ажиллагаа нь Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг дэмжих, залуучуудын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх Идэвхжсэн-2030 платформ, НҮБХХ ба Сити Сангийн дэмжлэгтэй Ази, Номхон далайн бүсийн залуучуудын хамгийн том нийгмийн энтерпрайзинг хөдөлгөөн болох Youth Co: Lab-ийн хүрээнд болж байгаагаар онцлогтой.


Залуучуудад мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх боломжийг олгож буй энэхүү арга хэмжээнд Монгол орны өнцөг булан бүрээс нийгмийн энтерпренер, гарааны бизнес эрхлэгчид, залуучуудын хөгжлийг дэмжигч, санаачлагчид, хувийн хэвшлийн байгууллагууд, Инновацын хөгжлийн төвүүд, тогтвортой хөгжлийн чиглүүлэгчид, оюутнууд, сайн дурынхан болон аймаг орон нутгийн залуучууд зэрэг олон зуун оролцогч онлайн арга хэмжээнд холбогдон оролцож байна.


Хөтөлбөрийн хүрээнд бүсийн чиглүүлэгч, зочин илтгэгчдийн илтгэл, хэлэлцүүлэгт ирээдүйн бизнесийн чиг хандлага, санаа бодлоо ажил хэрэг болгох, бизнес эрхлэх энтерпрайзинг сэтгэлгээг тэлэх, ур чадварыг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх, энтерпренер хүний хувийн брэнд арга хэрэгсэл зэрэг сэдэв хамрах бөгөөд оролцогчид “COVID-19”-ийн халдварын цар тахлын үеийн болон дараах үеийн сорилт, бэрхшээлийг даван туулах стратеги, шийдлүүдтэй танилцаж байна.

Монгол Энтерпрайзинг Эрэл” онлайн үйл ажиллагаа маргааш буюу 12 дугаар сарын 24-нд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. 

 

Связанные новости