Элчин сайд Б.Дорж Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-12-12 12:40:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Украин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж Итгэмжлэх жуух бичгээ Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленьскийд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өргөн барив.

Элчин сайд Б.Дорж энэ талаар өөрийн ирүүлсэн мэдээлэлдээ, "Итгэмжлэх жуух бичгээ Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленьскийд өргөн барилаа. Надтай цуг 10 улсын Элчин сайд мөн итгэмжлэн жуух бичгээ барьсан. Бидэнд тус бүр үг хэлэх 30 секундын хугацаа өгсөн. Миний бие энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг  уламжилж, урилгыг нотолж, Украйны төрийн тэргүүнийг Монголд удахгүй айлчилж, манай улсад ЭСЯ-аа нээж, эдийн засгийн харилцаагаа урагшлуулна гэдэгт найдаж байгаагаа хэлсэн.


Энэ үед ноён ерөнхийлөгч Володимир Зеленьский инээгээд, "Миний бага насны дурсамж Монгол Улстай холбоотой" гэсэн. Хариуд нь би, "Та Монголд очвол аав ээжийгээ дагуулаад очоорой" гэсэн. Учир нь Украйны ерөнхийлөгч Зеленьскийн аав ээж Монголд олон жил ажиллаж, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг барилцаж байсан инженерүүд юм.  

Ерөнхийлөгч В.Зеленьский Монголд айлчилвал хоёр улсын харилцааг, түүний дотор эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд их түлхэц болно гэдэгт итгэлтэй байна" гэж бичжээ. Тэрээр мөн Украйн улсын Гадаад харилцааны дэд сайдтай Монголтой хийх худалдаа,  эдийн засгийн харилцаа хөгжүүлэх талаар цаг гаруй ярилцсанаа тэмдэглэжээ. 




Связанные новости