Мохаммад Аль-Мутайри: Газрын тосны салбарт Кувейтийн туршлагаас суралцахыг хүсвэл бид бэлэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunbold@montsame.gov.mn
2020-12-11 13:27:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Кувейт улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Аль-Мутайритай ярилцлаа.


-Монгол, Кувейт улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2020 онд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ жил хоёр талаас ямар гол ажил хийсэн гэж Та үзэж байна вэ?


-Кувейт, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буй нь хоёр орны харилцаан дахь томоохон үйл явдлын нэг юм. Энэ ойг тохиолдуулан “Mongolia today” сэтгүүлийн хамт олонд болон уг сэтгүүлээр дамжуулан Монголын уншигчдад аз жаргал, эрүүл энх, хөгжил дэвшил, сайн сайхныг хүсье. 


45 жилийн ой хүрээнд хоёр орны байгууллагууд хоёр талдаа харилцан бие биенээ улам сайн таньж мэдэх талаар сурталчлах, үзэсгэлэн гаргах, соёлын өдрүүд зохион байгуулах зэрэг өргөн хүрээнд ажил зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч аюулт цар тахал дэгдэж дэлхий даяар хатуу чанд хорио цээрийн дэглэмд шилжиж аливаа харилцан айлчлал солилцооны боломжийг хязгаарласан. Гэвч бид боломжийн хирээр тэмдэглэлээ. Дипломат харилцаа тогтоосон зургаадугаар сарын 17-нд хоёр орны гадаад харилцааны сайд нар бие биедээ баяр хүргэн захидал солилцлоо.


Хоёр талдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчиллаа. Миний бие МҮОНТ-д ярилцлага өгч хоёр орны харилцаа, 45 жилийн ойн тухай товч мэдээлэл өгсөн нь Монголын үзэгчдэд хүрсэн гэдэгт найдаж байна. Цар тахлын улмаас биет байдлаар өргөн тэмдэглэж чадаагүй ч Кувейт Монголын ард түмэн сэтгэл зүрх, оюун бодолдоо энэхүү ойг дурсан санасан гэдэгт итгэл дүүрэн байна. 


- Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2018 онд Кувейт улсад айлчилсан. Мөн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга 2020 онд Кувейтэд айлчилсан. Эдгээр айлчлалын хүрээнд ярьж тохирсон ажлын хэрэгжилт ямар шатанд явна вэ?


-Эдгээр айлчлалын хүрээнд ярьж тохирсон асуудлууд амжилттай хэрэгжиж байна. Хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн яриа хэлэлцээний анхдугаар зөвлөлдөх уулзалт 2019 онд Улаанбаатар хотноо, хоёрдугаар уулзалт 2020 оны хоёрдугаар сард Эль-Кувейт хотноо амжилттай болсон. Бид нийтлэг ашиг сонирхлын төлөө олон улсын тавцанд, НҮБ-ын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биеэ дэмжин ажилладаг. Кувейт улс 2017 онд болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөд бидэнд саналаа өгсөн улсын нэг нь Монгол байв. 2018-2019 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болж  олон улсын хэмжээнд гарч буй аливаа сорилтуудыг хамтран шийдвэрлэхэд амжилттай ажиллалаа. 


-Ойрын хугацаанд хоёр талд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төрийн өндөр, дээд түвшний айлчлал бий юу?


-Одоогоор энэ талаар тодорхой тохирсон зүйл алга. Кувейтэд шинэ Эмир, Үе залгамжлах хунтайж нар тодорсон. Энэ сард парламентын сонгууль болж, шинэ Засгийн газраа эмхлэн байгуулна. Үүний дараа дээрх асуудлууд яригдах байх. 


-Монгол, Кувейтийн гадаад худалдааны эргэлт цөөн тооны бараа бүтээгдэхүүнээр хязгаарлагдаж байна. Хоёр орны эдийн засгийн харилцаа, тэр дундаа гадаад худалдааны эргэлт чамлалттай байгаа гэдэгтэй Та санал нэгдэх үү. Үүнийг хөгжүүлэх ямар боломж байна гэж Та үзэж байна вэ. Саяхан Таныг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэр энэ асуудлыг хөндөж ярилцсан байсан?


-Кувейт Монголын гадаад худалдааны эргэлт чамлалттай байгааг би хувьдаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ харилцааг хөгжүүлэхэд тулгамддаг хамгийн гол бэрхшээл бол ачаа тээврийн асуудал. Монгол Улс далайд гарцгүй. Бидэнд төмөр замаар шууд холбогдох ямар ч боломж байхгүй. Агаарын зам нээх гэхэд Монголын тал зөвшөөрдөггүй. Гэвч агаарын тээврээр ачаа бараа тээвэрлэхэд үнэ ханш өндөртэй. Кувейт, Монголын Засгийн газар хоорондын комиссын ажил “COVID-19”-өөс болж зогсонги байдалд ороод байна. Энэхүү Комиссын үйл ажиллагаа сэргэмэгц хоёр орны худалдаа эдийн засгийн асуудлаар дорвитой судалгаа хийн, хөгжүүлэх арга замыг нээх бизээ. Үүнд гадаадын хөрөнгө оруулагчийг хамгаалах хууль, эрх зүйн орчин зайлшгүй байх шаардлагатай юм.


-Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Монголд олон төсөл хэрэгжүүлсэн. Одоо Түлэнхийн төв эмнэлгийн барилгыг барьж байгаа. Мөн “Өндөрхаан” нисэх буудлыг шинэчлэх төсөл хэрэгжиж байна. Үүнээс өөр ямар төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлж байна вэ?


-Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн шугамаар дээрх хоёр төслөөс гадна, энэ 2020 онд Өндөрхаан-Норовлин-Дадалын хатуу хучилттай 250 км зам тавих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгосон. Энэ ажил хэрэгжиж байна. 


-Монгол Улс Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Харин Кувейт улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн нэг, газрын тосны өлгий нутаг гэгддэг. Энэ салбарт Кувейт улс, Монгол Улстай хамтран ажиллах боломж бий юу?


-Газрын тосны салбарт хоёр орны харилцаа хамтын ажиллагааны эхлэл бий. Кувейтийн тал 1990-ээд онд өөрийн зардлаар Монгол Улсын энэ чиглэлийн хэд хэдэн мэргэжилтэн бэлтгэж өгсөн. Тэдгээр мэргэжилтэн уг салбарт ажиллаж байгаа гэж итгэж байна. Газрын тосны салбарт Кувейтийн арга туршлагаас суралцахыг хүсвэл бид бэлэн.


-Кувейт улсад Монгол судлал хэрхэн хөгжиж байна вэ. Бас Монголд Кувейт судлалыг хөгжүүлэх талаар ямар ажил хийж байна вэ? 


-Бид Кувейт улсад Монгол судлал, Монгол улсад Кувейт судлал хөгжүүлэх үйлсийг хөгжүүлэхийн төлөө байна. Уг салбарт зохих судалгаа хийхийг сонирхсон хүмүүс, мэргэжилтнүүдэд уриалж, тэднийг дэмжинэ.


- Аливаа улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамгийн том түлхэц үзүүлдэг зүйл бол иргэд хоорондын аялал жуулчлал, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа байдаг. Хоёр орны хооронд жилд хэдэн иргэн харилцан зорчиж байна вэ? Мөн хэвлэл мэдээллийн салбарын харилцааг хөгжүүлэх, сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэх талаар хийж буй ажлын үр дүн ямар байна? 


-2018 оноос хойш сэтгүүлчдээ харилцан солилцож байгаа нь хоёр орныг сурталчлах томоохон боломж болж байна. Бид энэхүү хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, хамгийн сүүлд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх хүрээнд энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид Кувейт улсад айлчлаад ирсэн. Өмнө нь Монголын төлөөлөгчид 2018 онд Кувейтэд айлчилж манай улсын нийгэм эдийн засаг, хүн ардын талаар сонирхолтой нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэн Монголын үзэгч, уншигчдад хүргэж байсан. Кувейтийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Монголд сүүлийн хоёр жилд хоёр удаа айлчилж, мэдээлэл солилцон, туршлагаа хуваалцсан нь сайхан үйл явдал болсон. 


Манай хоёр орны иргэд хоорондын харилцааг сайн түвшинд байлгахыг бид зорьдог. Энэ салбарын хөгжил хоёр орны хооронд шууд нислэг байхгүйтэй ч холбоотой. Түүнчлэн  Кувейтийн иргэд Монгол Улсын нисэх буудалд зарим нэг бэрхшээлтэй тулгардаг. Монголд жуулчид ирж байж аялал жуулчлалын салбарын хөгжилд мөн Монгол Улсын түүх, соёл иргэншлийг таниулахад нэмэр болох тул Монгол Улсад хийх аяллыг хөнгөвчлөхийг уриалж байна. 


-Улс төр, эдийн засгийн харилцаанаас бусад салбарт хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ямар шатанд байна вэ. Тухайлбал, Боловсролын салбарт л гэхэд одоогоор Кувейтийн Засгийн газар жилд хоёр оюутанд тэтгэлэг олгодог мэдээлэл байна. Үүнийг нэмэх боломж бий юу. Өөр хамтран ажиллах боломжтой ямар салбар байна гэж Та үздэг вэ? 


-Одоогоор бидний үзэглээд буй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд, бидний хүрсэн харилцааны түвшин бол урьд өмнө хоёр талаас хийсэн өндөр дээд хэмжээний айлчлалуудын үр дүн юм. Жишээлбэл, 1995 онд тухайн үед Кувейт улсын Эмир байсан Эрхэм дээд Шейх Жабер Аль Ахмад Аль Жабер Аль Сабах өөрийн санаачилгаар Монгол Улсад айлчлан хоёр улсын Засгийн газрын хооронд эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бол 1998 онд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди хариу айлчлал хийж айлчлалын үеэр хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах, давхар татварын гэрээ зэрэг чухал хэлэлцээрүүдийг байгуулж байв. 


Хамтран ажиллах боломжуудын тухай гэвэл урьд өмнө нь байгуулсан гэрээ хэлэлцээрээ сунгах эсвэл хоёр талын санаачилгаар дахин шинээр гэрээ хэлэлцээр байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой. Талуудын үзэл бодлыг ойртуулдаг учир хоёр талын харилцан өндөр дээд хэмжээний айлчлалууд маш чухал үүрэгтэйг энд тодотгон хэлье. 


-Өнгөрсөн онд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Кувейтийн судалгааны төвийн ажилтай танилцсан. Тус төв Кувейтийн Шинжлэх ухааны судалгааны төвтэй цөлжилтийг бууруулах, ундны усны нөөцийг бүрдүүлэх талаар хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа танилцуулж байсан. Энэ ажил ямар шатанд явна вэ?


-Юуны өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт Монголын судалгааны төвийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж, тус төвд зочилсонд бид талархалтай байдаг. Эрхэмсэг Ерөнхийлөгч уг төвийг үндсэн зорилгых нь дагуу ажиллуулах тал дээр анхаарал хандуулж, хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагааг дэмждэг билээ. Тус төвийн удирдага Кувейт улсад 2019 оны 2 дугаар сард айлчлан Кувейтийн Шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн удирдлагатай уулзаж, хоёр тал хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцон, хоёр талын өндөр албан тушаалтнуудаас хийх айлчлалын үеэр уг баримт бичгийг үзэглэхээр төлөвлөөд байсан ч цар тахлын улмаас хойшлоод байна. Гэсэн хэдий ч цар тахал намжмагц биеллээ олж хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.  


-Эцэст нь асуухад, Та Монгол Улсад ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Монгол оронтой хэр зэрэг танилцаж байна вэ. Монгол Улс, монголчуудын талаар Та ямар сэтгэгдэлтэй байгаа вэ. Юу нь таалагдаж, бас юу нь таалагдахгүй байна вэ?


-Миний бие Монгол Улсад 2018 оны 11 дүгээр сард  ирээд хоёр бүтэн жил ажиллажээ. Монгол орны үзэсгэлэнт байгаль, өнө эртний түүх соёлын өв, найрсаг зочломтгой зантай ард түмэнтэй алхам алхмаар танилцаж байна. Анх Монголын хүйтэн өвөлд дасахад хэцүүхэн л байлаа. Өргөн уудам нутаг, байгалийн нөөц баялаг нь Монгол Улсын хөгжилд түлхэц болох бөгөөд ард иргэдийнхээ хүчин чармайлтаар Монгол Улс хөгжин цэцэглэнэ гэдэгт би итгэл дүүрэн байдаг юм.

Связанные новости