Хувь хүний орлогын албан татварыг энэ сараас суутгаж, төсөвт төлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хувь хүний орлогын албан татварыг 2020 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн хуульд заасны дагуу 10 хувиар ногдуулан суутгана. Үүнийг Татварын ерөнхий газраас жишээгээр тайлбарласныг хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг хамгаалах, ажлын байрыг хадгалах чиглэлээр татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хууль батлан хэрэгжүүлж байгаа. Албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай 3 хууль батлагдсан.
1-рт. Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл хэрэгжсэн. Иймд Хувь хүний орлогын албан татварыг 2020 оны 10 дугаар сарын 1-нээс ногдуулан суутгаж, төсөвт төлнө. /дууссан/
2-рт. Татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хууль 2020 оны 2 дугаар сарын 01-нээс 9 дүгээр сарын 1 хүртэл хэрэгжсэн. /дууссан/
3-рт. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2020 оныг дуустал хэрэгжихээр хугацааг сунгасан. Энэ хуульд түрээсийн төлбөрөө бууруулсан хэмжээгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2020 оны 2 дугаар сарын 1-нээс 2021 оны 1 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд хөнгөлөх, мөн өмнөх жилийн борлуулалтын орлого 1,5 тэрбум төгрөгөөс доош байсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2021 оны 1 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд чөлөөлөхөөр заасан юм.
ХХОАТ-ын тухай хуулийн 7-р зүйлд заасан цалин, хөдөлмөрийн
хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос
НДШ, ЭМД-ын шимтгэлийг хасаж татвар ногдуулах орлогыг тодорхойлон 10 хувиар ХХОАТ ногдуулна. /2020 оны
10-р сарын 1-нээс эхлэн
Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг
үзүүлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нийгмийн даатгалын
шимтгэлийг 5 хувиар
ногдуулахаар нэмэлт өөрчлөлт орсон/
Жишээ:
Бодогдсон цалин 1 000 000 төгрөг, ХХОАТ-ын хуулийн 23.1-т заасан хөнгөлөлт 18 000 төгрөг үед тооцов.
НДШ, ЭМД 7% = 70 000 төгрөг
Татвар ногдуулах орлого 930 000 төгрөг /1 000 000-70 000/
ХХОАТ = 93 000 төгрөг /930 000*10%/
Суутган төлөх ХХОАТ-ын дүн 75 000 төгрөг /93 000-18 000/