Эх орны ирээдүй-эгэл багшийн нэг өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.enkhtuya@montsame.gov.mn
2025-10-07 10:25:17

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7  /МОНЦАМЭ/. Лодонгийн Наранцэцэг багш 2005 оноос хойш хорь дахь жилдээ Нийслэлийн 16-р цэцэрлэгт багшилж байна.

Намайг яриа авахаар очих үед ангийн хүүхдүүд тойрч суугаад их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг ээлж ээлжээр уншиж байв. 

 

Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд

Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

Мэнэн Шарга Номины өргөн их говиуд

Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

                  Энэ бол миний төрсөн нутаг

                  Монголын сайхан орон


 

Өглөө 7 цаг 30 минуттай уралдан ажилдаа ирэх багшийн шавь нараа сурган хүмүүжүүлэх гол арга барилын нэг нь шүлэг цээжлүүлж түүн дээр гарсан үг хэллэг, утгыг нь тайлбарлах замаар харилцан ярилцах аж.

 

Хэрлэн,Онон,Туулын тунгалаг ариун мөрнүүд

Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд

Хөвсгөл,Увс ,Буйрын гүн цэнхэр нуурууд

Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд

                  Энэ бол миний төрсөн нутаг

                  Монголын сайхан орон

 

Сүүлийн үед эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ утас, зурагтаар их “аргалдаг” болсноос үүдэлтэй хэлд оройтож орох, хэл ярианы хөгжил болон харилцааны чадвар сул хүүхэд нэлээн ирдэг болсон  талаар учирлаж байлаа.

 

Л.Наранцэцэг багш 2023 онд цэцэрлэгийн бага бүлгийг дааж авч байсан бол тэд энэ жил бэлтгэл бүлэг буюу төгсөх анги болжээ.

 

Хүүхэд ээж аав, эмээ өвөөгийн энгэрээс холдож, нийгэмших үйл явцыг суралцаж эхэлдэг хамгийн эхний орчин нь цэцэрлэг байдаг.

 

“Цэцэрлэгт орж ирсэн 2 настаны зарим нь живхнээс гараагүй байх нь ч бий. Хүүхдийг хөтөвчинд суулгаж сургахаас аваад мэндлэх хүндлэхийг заахаас л бидний ажил эхэлнэ шүү дээ” гэж ярих  багшийн  ангийнхан өнөөдөр 1-10 хүртэл тоогоо бичиж, бодож, гарын жижиг булчин хөгжүүлэх дасгал ажиллаж, дуу шүлэг сурч, эрдмийн их аялалд гарахдаа бэлтгэгдсээр байна.

 

Ээжийнхээ гүйцээж чадаагүй хүслийг биелүүлэхээр цэцэрлэгийн багшийн мэргэжлийг сонгосон Л.Наранцэцэг багш хүүхдэд хайртай, өөрөө 4 хүүхэдтэй алдарт эх.

 

Цэцэрлэгт  ажилладгийн хамгийн том давуу тал бол өөрөө ажлаа хийнгээ нялх хүүхдүүдээ хамт өсгөчхөж болдогт бий, би л гэхэд хүүхдүүдээ 8 сартайд нь ажилдаа орчихдог байсан хэмээн инээмсэглэнэ.

 

Ажлын тал дээр хүндрэлтэй зүйл бий юу хэмээн асуухад надад 40-өөс дээш хүүхэдтэй ажиллаж байсан үе байсан юм. Ачаалал их учир хүүхэд нэг бүртэй тулж харьцаж чадахгүй, мөн агаар орчны хувьд бүгчим, хүүхдүүдийн хөдөлгөөн ч баригдмал болж ирдэг талаар ярилаа.

 

Харин сүүлийн үед харьцангуй хэвийн болж ирсэн гэлээ.Одоогоор тэдний анги 30 хүүхэдтэй ба тогтмол 27 хүүхэд ирдэг гэнэ.  

Үндэсний статистикийн хорооны 2024-2025 оны судалгаагаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид ногдох хүүхэд дунджаар 26.6 байна.

 

Цэцэрлэгийн багшийн ажил гэдэг бол эцэг эх, асран хамгаалагчдыг ажлаа тайван хийх боломж нөхцөлөөр хангахын тулд эртлэн ирж, орой тардаг ч хүүхэд гэдэг өөрөө маш гэгээн, цайлган ертөнц учир  тэднээс эрч хүч, хайрыг мэдэрдэг гэв.

 

Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай

Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл

Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Монголын сайхан орны минь хойч ирээдүй болсон бяцхан үрсийг сурган хүмүүжүүлж буй мянга мянган багш нартаа талархал илэрхийлье.



Связанные новости