Хар салхинаас сэрэмжлэн Бангладешийн 2,1 сая иргэнийг нүүлгэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭШИНЭ ДЕЛИ./Xinhua/. “Роану” хэмээх асар их хөнөөлт халуун орны хар салхи Бангладешийг чиглэн ирж байгаа тул тус улсын өмнөд мужуудад амьдардаг 2,1 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлжээ. Хар салхины улмаас аадар бороо орж, үер болдог байна.
Бямба гарагийн үд дунд гэхэд “Роану” хар салхи тус улсын Мьянмартай хил залгаа эрэг орчмын нутагт хүрэх төлөвтэй байгааг Бангладешийн Цаг уурын газраас анхааруулж, аюулын 7 дахь түвшний түгшүүр зарлажээ. Эрх баригчид ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулахын зэрэгцээ хөлөг онгоцуудаа аюулгүй газарт аваачиж байрлуулахыг эзэмшигчдэд нь зөвлөж байна. Байгалийн гамшигтай тэмцэх яамны төлөөлөгч Камаль Шах-ын ярьснаар, хар салхинаас хоргодох хэдэн мянган байрыг бэлтгэсэн аж.
Халуун орны хар салхины улмаас 160 сая хүн амтай Бангладеш улсад жил бүр олон зуун хүн амиа алддаг байна. 2007 онд асар хүчтэй хар салхи дэгдсэний улмаас 4000 гаруй амиа алдсан бол 2009 онд дайран өнгөрсөн “Айла” хар салхи 179 хүний аминд хүрчээ.
Д.Нямтулга