“Энержи плас” ХХК-ийн дулааны станцын ажилтай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймагт ажиллах үеэр тус аймгийн Дулааны станцын ажилтай танилцсан юм. Тус аймагт “Энержи плас” ХХК ноднин 2 дугаар сараас дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээж эхэлжээ. Станц ашиглалтад орсоноор Булган аймгийн төвийн агаарын бохирдол эрс багасч, хэрэглэгчдэд очих дулаан хангамж сайжирчээ. Өнөөдрийн байдлаар Булган хотын 80 хувь нь тус станцаас дулааны эрчим хүч авч байна.
“Энержи плас” ХХК дулааны станцад 2020 онд их засвар хийж, энэ өвлийн бэлтгэл ажлыг бүрэн хийж дуусгажээ. 10 дугаар сарын 4-ний байдлаар 1350 тн нүүрс буюу 30 хоногийн нөөцийг өөрийн талбайдаа татаад байна. Нийт 56 инженер техникийн ажилчинтай ажиллаж байгаагаас 48 нь орон нутгийн иргэн, тэднийг ажлын байран дээр сургаж бэлтгэжээ. Орон нутагт мэргэжлийн боловсон хүчний нөөц бага байгаагаас цахилгаан, кипавтоматик, дулаан химийн чиглэлийн инженерүүд хангалтгүй байгааг учирлав.
Мөн компанийн өмчлөл, харьяалалын асуудлыг хөндлөө. Энэ талаар ЭХЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох материалуудыг хүргүүлсэн. Удирдах байгууллагуудаас ирүүлсэн үүрэг, чиглэлийн дагуу хөндлөнгийн аудитын байгууллагаар хөрөнгөө дахин үнэлсэн байна. Эзэмших хувьцааны эрхийг шийдэхээр хэлэлцээрт оролцох саналтай байгааг компанийн удирдлага УИХ-ын дарга болон Эрчим хүчний сайдад уламжиллаа.