Жийн Паскаль Нгану: Уул уурхайн орлогоо иргэдээ хөгжүүлэх, оюун ухаанд нь хөрөнгө оруулахад зарцуулах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-06 13:10:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хороо, Дэлхийн банк хамтран “Монгол Улс-Уул уурхай ба оюун ухаан” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулллаа. 


Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд уул уурхайн салбарын орлогынхоо 99 хувийг зарцуулдаг бөгөөд ердөө 1 хувийг нь ирээдүйдээ зориулж хуримтлуулсан байна. Түүнчлэн Монгол Улсын төсвийн дийлэнх хувийг уул уурхайн орлогоос бүрдүүлж ирсэн бөгөөд дэлхийн зах зээлд баялгийн ханш унахад Монголын эдийн засаг хямарч байгааг  Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Жийн Паскаль Нгану хэлэлцүүлгийн гол илтгэлийг тавихдаа онцолсон юм.


Тэрбээр дэлхий нийтэд нүүрсний хэрэглээ хумигдаж байгаа энэ цаг үед Монгол Улс эдийн засгаа уул уурхайгаас хараат байдлаас салгаж,  хөгжлийн загвараа өөрчлөхгүй бол цаашид төсөв, санхүүгийн хүнд нөхцөлд орох магадлалтай гэдгийг онцлов. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг ард түмэн тодорхойлох тул уул уурхайн орлогоо иргэдээ хөгжүүлэх, оюун ухаанд нь хөрөнгө оруулахад зарцуулах хэрэгтэй гэдгийг мөн онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд хуульд тодорхой өөрчлөлт хийх саналаа танилцуулсан. Ингэхдээ Перу улсын жишгийг иш татсан юм. Тус улс сонгуулийн жил  бусад онуудаас өөр төсвийн бодлого баримталдаг байна. Тухайлбал, сонгуулийн жилийн эхний 6 сард төсвийн зардлын 60 хувиас илүүг зарцуулахгүй байх, эхний 6 сард төсвийн алдагдлыг анх баталсан хэмжээний 50 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг босго тогтоодог байна. Ингэснээр сонгуулиас үүдэлтэй төсвийн савлагаа үүсэхээс сэргийлдэг тул энэ заалтыг хуульд тусгах нь туйлын чухал гэдгийг дурдлаа. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос салгаж, бие даасан байдлыг хангах, тус зөвлөлд Засгийн газар төсвийн зохицуулалтаа тайлагнадаг байх зэрэг зохицуулалтыг хуульд тусгаснаар төсвийн хяналт сайжирна хэмээсэн юм.


Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож үг хэлсэн. Тэрбээр, Улс орнуудын эдийн засгийн байдлын талаар саяхан Дэлхийн банк тайлангаа танилцуулсан. Энэ тайланд манай улсын эдийн засгийн хөгжилд богино давтамжтай, өндөр хэлбэлзлэл, бүтээмжийн сул байдал, байгалийн баялагт хэт түшиглэсэн байдал зэрэг нь гол бэрхшээл байгааг онцолжээ. Тайлан нь ерөнхийдөө бодлого боловсруулагчдын зүгээс эдийн засгийн хэлбэлзлийг бууруулах, бүтээмжийг нэмэх, үйлдвэрлэлийг төрөлжүүлty эдийн засгаа өндөр орлоготой болгох бодлогын зорилттой нийцэж байгааг тэмдэглэж байна. Энэ онд баталсан “Алсын хараа 2050” бодлого, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтууд нь хүн төвтэй хөгжлийн загвар болон засаглалыг сайжруулахад чиглэж байгаа. Ялангуяа, хүний хөгжил, эдийн засгийн бодлогыг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтцийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхэд эн тэргүүнд анхаарах, түүнчлэн “Цахим Монгол” төрийн цахим үйлчилгээ, мэргэшсэн, хариуцлага, сахилгатай төрийн алба, шүүх хуулийн засаглалын шинэчлэл, ногоон хөгжил хийгээд орон нутгийн хөгжлийн асуудлуудыг онцгойлон анхаарч тусгасан. Засгийн газар, Монголбанкнаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн санхүү, эдийн засгийн менежментийн үр дүнд эдийн засаг сэргэж, улсын төсөв 2 жил дараалан ашигтай гарч, Засгийн газрын өр ДНБ-нд эзлэх хувь буурч, гадаад валютын нөөц 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн. Сүүлийн жишээг дурдахад Монгол Улсын Засгийн газраас олон улсын зах зээл дээр Nomad нэртэй бондыг амжилттай гаргалаа. Захиалгын хэмжээ 2.5 дахин их байна. Хүчирхэг эрүүл банкны тогтолцоо Монгол Улсын ирээдүйн хөгжилд нэн чухал үүрэгтэй. Дэлхийн банкны судалгаа тайланд дурдсанчлан бизнес эрхлэгчдийн хамгийн гол бэрхшээлүүдийн нэг нь санхүүгийн хүртээмжийн асуудал. Тэр дундаа хүү хэт өндөр, санхүүгийн хүртээмж муу байгаа нь Монгол Улсад бизнес эрхлэхэд учирч байгаа гол бэрхшээл. Тиймээс Монголбанкны чадавхийг сайжруулах, зээлийн хүүг бууруулах стратегийг бизнес эрхлэгчдийн санал, Дэлхийн банкны судалгаанд үндэслэн хэрэгжүүлж байна. Тодруулбал ирэх 4 жилд зээлийн хүүг зах зээлийн зарчимд үндэслэн жил бүр 1-ээс доошгүй хувиар шат дараатай бууруулах стратеги баталлаа" гэв.


Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д.Сарангэрэл, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ч.Ундрам, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Оролцогчид Монголын эдийн засгийн өнөөгийн төлвийг уул уурхайн салбар тодорхойлж байгаа ч цаашид энэ хэвээр удаан үргэлжлэх боломжгүй болж байна. Монгол Улс оюун ухаан буюу хүний болон институцийн потенциаллаа дутуу ашиглаж байгаа талаар ярилцаж, цаашид макро эдийн засгийн хэрхэн тогтворжуулах, бүтээмжийн өсөлтийг хэрхэн тэтгэх, хүмүүн капиталаа үр ашигтай ашиглахын тулд юу хийх шаардлагатай зэргийг хөндөж байв.

Связанные новости