Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 32 сая давлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /SCMP/.
Их Британи, Франц зэрэг оронд коронавирусний
халдварын шинэ тохиолдлын тоо өмнө нь бүртгэгдээгүй хэмжээнд хүрээд байгаа энэ үед дэлхий
даяар халдвар авсан хүний тоо 32 сая давлаа гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их
сургууль мэдээллээ.
Их Британид 24
цагийн хугацаанд халдварын 6632 тохиолдол илэрсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн
өндөр үзүүлэлт болсон юм. Үүнтэй холбогдуулан Английн Нийгмийн эрүүл мэндийн
газрын дарга Ивонн Дойл Засгийн газрын танилцуулсан шинэ хязгаарлалтуудыг дагаж
мөрдөхийг ард иргэддээ уриалжээ.
Мөн Францын
томоохон хотуудад шөнийн цэнгээний газар, зоогийн газруудад шинэ хязгаарлалтуудыг
тогтоохоор болсноос нэг өдрийн дараа буюу пүрэв гарагт урьд бүртгэгдэж байгаагүй
олон халдварын тохиолдол /16096/ бүртгэгджээ. Халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэж байгаа нь шинжилгээнд хамруулж буй хүмүүсийн тоог нэмэгдүүлсэнтэй мөн холбоотой байна.
Европын бусад
орноос Испанид халдвар авсан хүний тоо 700 мянга давсан бөгөөд Мадрид хотын эрх
баригчид хүнд хэцүү өдрүүдэд бэлтгэлтэй байхыг оршин суугчдаасаа хүсжээ.
Испанид пүрэв гарагт 10600 тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо
704209-т хүрчээ.
Мөн ОХУ-д пүрэв
гарагт халдварын 6595 тохиолдол шинээр илэрсэн нь өнгөрсөн долоодугаар сараас
хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн нийслэл Москва хотод
зургаадугаар сараас хойш анх удаа өдөрт 1000-аас олон тохиолдол шинээр илэрсэн
байна.
Харин эрүүл
мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Африк тивд маш олон хүн халдвараар нас барж
болзошгүй гэх өмнө нь гаргасан урьдчилсан таамаглалыг шүүмжилж байна. Угандад есдүгээр
сар гэхэд 600 мянган хүн халдвар авч, 30 мянган хүн нас барж болзошгүй хэмээн
таамаглаж байсан бол одоогоор 6800 тохиолдол илэрч, 100 орчим хүн нас баржээ.
Африк тивд өнөөдрийн байдлаар 1.4 сая гаруй хүн халдвар авч, 34 мянга гаруй хүн
нас баржээ.