Аялал жуулчлалыг сэргээх шинэ стратеги төлөвлөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс өнгөрсөн онд гадаад улс орнуудаас хамгийн их буюу 577 мянган жуулчин хүлээн авч байв. Ингэснээр дотоодын эдийн засагт 670 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн үр өгөөж гарч байжээ.
Тэгвэл "COVID-19"-ийн цар тахлын улмаас уналтад орж хамгийн их нөлөөнд өртсөн салбар нь аялал жуулчлал болоод байгаа. Тиймээс энэ салбарыг эргэн сэргээхийн тулд олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу шинэ стратегиар ажиллах шаардлага тулгарчээ. Энэ үүднээс БОАЖЯ 2024 он гэхэд манай улсад ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилтоо хэрэгжүүлэхэд өөр стратеги барьж ажиллахаар болжээ.
Тус яам өнгөрсөн оны хагас сая жуулчин хүлээн авсан үзүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого барьж байсан бол одоо тэг байдалд зогсоод буй жуулчлалыг 1 саяд хүргэхэд өөр стратеги барьж ажиллах нөхцөл байдал үүсэж байна. Зорилтод хүрэхийн тулд ирэх оноос "COVID-19"-ийн вакцинжуулалт, цар тахлын нөхцөл байдал, халдваргүйжүүлэлтийн нөлөөг харж, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй байхаар, богино хугацаанд аялал жуулчлалын салбарыг сэргээх шинэ бодлого төлөвлөлтийн стратеги боловсруулахаар төлөвлөж буйг мэдэгдэж байна.