Үндэсний бөхчүүдээс сэргээш илэрдэг нь уламжлал болжээ

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2020-09-16 15:02:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


-Монголд бөх дуучин хоёр ард түмний хайраар лав дутаагүй-


Допингийн эсрэг үндэсний төвөөс есдүгээр сарын 8-нд энэ жилийн баярын наадамд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаараа мэдээлсэн. Гэхдээ допингийн шинжилгээний дүнг одоогоор албан ёсоор олон нийтэд зарлаагүй байгаа. Гэвч улсын аварга Н.Батсуурь 9 дүгээр сарын 14-нд мэдээлэл хийж,"Допингийн хариуг өөрийн биеэр зарлая гэж бодлоо. 2020 оны есдүгээр сарын 10-нд би допингийн шинжилгээний хариуг хүлээж авсан. Таны биеэс эмийн бодис илэрсэн гэж хариу ирсэн. Хариугаа аваад гурав хоногийн хугацаанд надаас илэрсэн эмийг судаллаа. Зүрхний эм юм байна. Аптект 400 төгрөгөөр худалддаг. Энэ эмийг би зориудаар уугаагүй. Гаднаас миний биед орж ирсэн гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь миний буруу. Тиймээс би шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна. Лабораторийн шинжилгээтэй маргах зүйл надад байхгүй. Би хариуцлага үүрэхэд бэлэн. Ард түмнээсээ уучлал гуйж байна" гэдгээ мэдэгдсэн.  


Тэгвэл өчигдөр буюу 9 дүгээр сарын 15-нд  Улсын арслан Р.Пүрэвдагва мөн л шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж, уучлалт хүсэв. Тэрбээр “Би Аймгийн арслан цолтойгоосоо хөлний бэртлээ эмчлүүлж, өдий хүртэл бэлтгэлээ таслалгүй хийж ирсэн. Сүүлийн 2-3 жилд хөлний бэртэл сэдэрсэн. Барилдаж байгаа хүн үүнийгээ нуух, хаах зүйл байсан. Энэ хавар маш их эмчилгээ хийсэн. Үүнээс болсон юм шиг байна. 100 жилийн ой болох гэж байгаа энэ торгон агшинд зуунд нэрээ мөнхлөх боломжийг алдаж байгаадаа сэтгэл дундуур байна. Би санаатай хэрэглэх хүн биш. Бид дур сонирхлоороо л барилдаж байгаа. Бидэнд хандсан сургалт, семинар алга. Улсын өндөр цолтой би ингээд алдчихсан байхад бусад залуучууд допингийн талаар ямар мэдээлэлтэй байгаа нь тодорхой. Бөхөд хайртай монгол түмэн минь уучлаарай. Хүлцэл өчье” гэлээ.


Дэлхийд аль ч спортод сэргээшийн төрлийн, хориотой эм бэлдмэл хэрэглэхийг хориглосон байдаг төдийгүй ийм үзэгдэлтэй хатуу тэмцдэг болсон. Өөрөөр хэлбэл, цэвэр хөдөлмөр, шударга өрсөлдөөнийг хүсч байна гэсэн үг. Ямартаа л сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлээр ОХУ-ын баг тамирчдыг өвлийн олимпод Улсынх нь далбаан дор бус, ОУОХ-ны далбаан дор оролцуулж байхав дээ. Гэхдээ Олимп гэдэг бөөрөнхий бөмбөрцөг даяарын асуудал болохоос биш, манай бөхчүүдийнх шиг хотон доторх хэрүүл биш юм. 


Сэргээш илэрсэн бөхчүүдийн тайлбар ерөнхийдөө адилхан


Шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс жил бүр допингийн шинжилгээ авдаг, бас сэргээш илэрдэг. Харин бөхчүүдийн хариу тайлбар ерөнхийдөө адилхан. “Бэртэл гэмтлийн улмаас хэрэглэж байсан эм тарианаас бодис илэрсэн бололтой. Түүнээс биш зориуд хэрэглэсэн зүйл байхгүй”  гэдэг үгийг л хэлдэг. Гэхдээ сэргээш илэрсэн гэх бөхчүүдээс хамгийн анхлан ард түмнээсээ уучлал гуйсан хүн нь улсын гарьд Н.Ганбаатар юм. Тухайлбал, 2018 онд таван бөхөөс допинг илэрсэн. Тэднээс ганцхан улсын гарьд Н.Ганбаатар “Одоо би 36 настай. 10 жилийн өмнө энэ өндөр цолонд хүрсэн. Надаас илэрсэн гэх хориотой бодис нь булчингийн урагдал болон зөөлөн эдийн тасралтад эмнэлгийн практикт хэрэглэдэг аж. 2008, 2009 онд өвдгөндөө авсан бэртэл сэдэрч, БНХАУ-ын Бээжингийн гэмтлийн төв эмнэлэгт мэс засалгүй эмчилгээ хийлгэх хүсэлт тавьсны дагуу дөрвөн өдрийн турш хятад бичигтэй тариа хийж эмчилсэн. Өөр ямар нэг байдлаар эм тариа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд олон сарын өмнө хийлгэсэн энэ эмчилгээнээс ийм зүйл илэрнэ хэмээн санаж байсангүй” гээд бөхөд хайртай зон олноосоо уучлал гуйсан байдаг. 

Хэн хэнээс сэргээш илэрсэн бэ?(Эх сурвалж: www.antidoping.mn)


Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны мэдээллээр бол 2002 оноос хойшхи хугацаанд дараах 28 бөхөөс сэргээш илэрч хариуцлага хүлээж байжээ. 

1.  2002 он: А.Сүхбат /анаболик стероид/

2.  2003 он: Д.Батбаяр /анаболик стероид/

3.  2004 он: Д.Мягмарсүрэн /анаболик стероид/

4.  2004 он: Г.Ганхуяг /анаболик стероид/

5.  2006 он: Д.Рагчаа /анаболик стероид/

6.  2006 он: Г.Эрхэмбаяр /анаболик стероид/

7.  2009 он: Ц.Сумъяабэйс /анаболик стероид/

8.  2009 он: Б.Соронзонболд /дексаметазон/

9.  2011 он: Г.Алтангэрэл /анаболик стероид/

10. 2011 он: Ц.Цогбаяр /анаболик стероид/

11. 2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/

12. 2012 он: Б.Сугаржаргал /анаболик стероид/

13. 2014 он: Б.Суманчулуун /анаболик стероид/

14. 2014 он: Н.Адъяабат /анаболик стероид/

15. 2016 он: Б.Баатарцол

16. 2016 он: Б.Ганзориг

17. 2017 он: Ө.Бат-Орших

18. 2017 он: Б.Пүрэвсайхан

19. 2017 он: Э.Даш

20. 2017 он: Б.Номиндалай

21. 2017 он: С.Майнбаяр

22. 2018 он: Б.Соронзонболд

23. 2018 он: Б.Гончигтавхай

24. 2018 он: Н.Ганбаатар

25. 2018 он: А.Цацабшир

26. 2018 он: Ц.Бямба-Очир

27. 2019 он: Э.Оюунболд

28. 2019 он: Д.Цэрэнтогтох 

Нийт 28 бөхөөс сэргээш илэрснээс эхний хоёр жилд тус бүр нэг, үүнээс хойш долоон жил дараалж тус бүр хоёр, харин 2017-2018 онуудад тус бүр тав болж өсөөд энэ жил хоёр болж буурчээ. Бөхчүүдийн допингийн анхдагч нь дархан аварга А.Сүхбат байдаг. 2002-2014 он хүртэл 14 бөхөөс илэрсэн допингийн төрөл нь анаболик стероид байж. Ганцхан нь дексаметазон гэгч бодис байжээ. Харин одоо үүн дээр гурван хүн нэмэгдэх болоод байна.


Анаболик стеройд гэж юу вэ?


Тэгвэл анаболик стеройд гэж юу вэ? Энэ нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан эр бэлгийн даавар “тестостерон” юм. Уг дааврын нэмэлт бүтээгдэхүүнийг АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан байдаг. Эмчийн жороор л биш бол уг дааврыг хэрэглэх нь “хууль бус”. Монголд БНХАУ-аас хууль бусаар импортлон оруулж ирж буй уг дааврыг сүүлийн үед бодибилдингийн спортоор хичээллэгчид, тамирчид, өсвөр үеийнхэн болон залуучууд ихээр хэрэглэж байна. Энэ даавар нь яс, булчингийн уургийн нийлэгжэлтийг ихэсгэдэг болохоор нэмэлтээр авсан тохиолдолд булчингийн нөхөн төлжилт хурдан, ядрал бага байна. Жирийн үед хүний булчин ядралаас буцаж төлжих сэргэлтийн хугацаа 48 цаг байдаг бол стеройд хэрэглэхэд хоёр дахин хурдасна. Мөн булчингийн масс хурдан томорно, өөх шатах процесс хурдасдаг учраас түргэн хугацаанд сайхан биетэй болох зорилгоор залуучууд хэрэглэж байна. Сөрөг үр дагаврууд нь удаан хугацааны дараа илэрдэг учраас манайхан мэдэхгүй хэрэглээд байгаа бололтой. Үүнийг хэрэглэснээр элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх гол хүчин зүйл болдог.Үнэндээ бол яс сийрэгжсэн үед ясны өвдөлтийг бууруулах гэж, хавдрын химийн эмчилгээний үед булчингийн нөхөн төлжилтийг сэргээх зорилгоор, Гэмтэл, түлэгдэлт, мэс заслын дараа өвчтөний жин огцом буурах үед, цус төлжилтийн хямрал, үрийн шингэн бага үүсэх буюу зарим бэлгийн сулралын үед, үсэрхийлэлтэй хөхний хорт хавдрын үед гэх мэт эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдлын үед эмчилгээний тунгаар хэрэглэх заалттай ажээ. Харин уур уцаар ихэсч, ааш зан ширүүсэх,  бэлгийн дур хүсэл хэт их төрөх,сэтгэл гутралд орох гаж нөлөөтэй юм байна. Ямартаа л маш олон амиа хорлолтууд анаболик стероидтой холбоотой байсан нь тогтоогдсон байдаг. 


Монгол түмний хайрладаг, хүндэлдэг бөхчүүдээс сэргээш илрээд бараг уламжлал болох гэж байгаа нь бөхөд дуртай зон олныг гонсойлгож байгаа нь үнэн. Энэ талаар тодорхой алхам хийхгүй бол, үндэсний их баяр наадмаараа уухайлан түрж байсан бөхчүүдийнхээ талаар дараа нь сэргээш илэрлээ гэж сонсох юу нь л сайхан байв гэж. Үнэндээ Монголд бөх, дуучин хоёр ард түмний хайраар л лав дутаагүй шүү.



Связанные новости