Хичээлийн шинэ жилийн нээлт болохгүй

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-08-31 14:40:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт болдог. Бүх шатны сургууль, цэцэрлэг нээлтийг өргөн хүрээнд олныг хамарсан байдлаар зохион байгуулдаг уламжлалтай. Цар тахал дэлхий нийтээр тархсан. Түүний улмаас улс орон даяар “өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Засгийн газар 9 дүгээр сарын 15 хүртэл энэ байдлыг сунгасан юм. Энэ нь 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг бүх нийтийг хамарсан уламжлалт байдлаар хийхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ. Ирэх сарын 1 буюу маргааш Ерөнхий боловсролын  сургууль (ЕБС), цэцэрлэгүүдийн сургалт эхэлнэ.  Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 820 сургууль энэ өдөр хичээлийн шинэ жилийн нээлтгүйгээр үүд хаалгаа нээнэ.


Гэхдээ “өндөржүүлсэн бэлэн байдал”-д зохицуулан нэг ангид (танхимд) хичээллэх хүүхэд хоорондын зай 1-1.5 м байна. Ийм учраас нэг ангид 25 хүүхэд хичээллэнэ. Нийслэлийн сургуулиудын анги дүүргэлт зарим сургуульд 40-50 хүүхэдтэй байдаг. Олон хүүхэдтэй анги 2 ээлжээр хичээллэнэ. Нэг ээлжинд нэг цагийн хичээлийг 30 минутад багтаан 4 цаг орно. Хоёр цаг тутамд ангид ариутгал хийж, агаар сэлгэнэ. Харин 3 өдөр хичээллэнэ. Үлдсэн хоёр өдрийн хичээлийг цахимаар заана.


Тэгвэл улсын хэмжээний 820 ЕБС-иас нийслэлд 256 нь үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн 13 нь алслагдсан 3 дүүрэгт ногдож байна. Иймд нийслэлийн төвийн 6 дүүрэгт ногдох  243 сургууль дээрх зохицуулалтын  гол цөм нь байх бололтой. Бусад 569 сургууль 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг. Аймгуудаас хамгийн олон сургуультай нь Баян-Өлгий 43 сургуультай гэж Үндэсний статистикийн хорооны мэдээллийн санд бүртгэгдсэн байх юм. Харин сумдаас Орхон аймаг Баян-Өндөр (Эрдэнэт) сум 23, дараа нь Дархан сум (Дархан-уул аймаг) 21 сургуультай аж. Энэ хоёр аймаг улсын зэрэглэлтэй хот болсон нөхцөлд тэдний байр суурь өөрчлөгдөнө. Эдгээрийн дараа хамгийн олон сургуультай сумдаар аймгийн төвийн сумдууд орж байна. Тэднийг 14 сургуулиар Баян-Өлгий аймгийн төв Өлгий сум тэргүүлж байх жишээтэй.


Нийт ЕБС-ийн 74 (9.3 хувь) нь бага, 116 (14. хувь) нь дунд, 562 (70.хувь) нь ахлах, 46 (5.8 хувь) нь цогцолбор сургууль байгаа аж.   Үйл ажиллагаа явуулж байгаа  ЕБС-ийн 81.7 хувь нь төрийн өмчийн, 18.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна.  


Төрийн өмчийн ЕБС-ийн 56 (8.6хувь) нь бага, 115 (17.6 хувь) нь дунд, 440 (67.5 хувь) нь ахлах, 41 (6.3 хувь) нь цогцолбор сургууль байдаг аж. Мөн хувийн сургуулийн 18 (12.3 хувь) нь бага, 1 (0.7 хувь) нь дунд, 122 (83.6 хувь) нь ахлах, 5 (3.4 хувь) нь цогцолбор сургуулийн ангилалтай  үйл ажиллагаа явуулдаг юм байна.


Эдгээр ЕБС-иудад 2020-2021 оны хичээлийн жилд 32 мянга 85 багш ажиллаж, 640 мянга 449 хүүхэд суралцана. Улсын хэмжээнд 1439 цэцэрлэгт 8068 багш ажиллаж, 263 мянга 333 хүүхэд хамруулна. Цэцэрлэгийн нэг ангийн (танхимд) 25 хүүхэд байхаар зохицуулалт хийжээ. Түүнээс гадна сургууль, цэцэрлэг бүгд онцгой нөхцөлд ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиж ажиллана.


Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан  БШУЯ-ны ажил хариуцсан албан тушаалтнууд хэвлэл мэдээллээр олон нийтэд зохих мэдээллийг түгээсээр байна. Мөн ЭМЯ эрүүл ахуйн дэглэм яаж баримтлах талаар  системтэй мэдээллийг өдөр бүр олон нийтэд  өгөх болоод уджээ.  Ийм нөхцөлд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн өгсөн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх нь цар тахлын эрсдэлийг хязгаарлахад иргэдийн оруулах хувь нэмэр байх нь тодорхой боллоо. Их дээд сургууль, коллежийн 2020-2021 оны хичээлийн жил 10 дугаар сарын 5-нд  эхэлнэ.

Связанные новости