Үйлдвэрлэгчид Солонгос руу бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-17 17:38:16

 “Скай трейдинг” компаниас МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд “Export to Korea” үзэсгэлэнг нээлээ.

Тус үзэсгэлэн нь Монголын бараа бүтээгдэхүүнийг Солонгосын “e mart” сүлжээний  экспертүүдэд таниулах, Солонгосын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилготой юм.  Тус үзэсгэлэнд гадагш нь экспортлох боломж бүхий 20 гаруй компанийн бүтээгдэхүүнийг сурталчилж байна. Энд ноос, ноолуур, эсгий, ангийн үслэг эдлэл, чацарганын шүүс, тос, ургамалын цай, жамц давсаар хийсэн гэрлэн бүрхүүл, хатаасан мах, махан бүтээгдэхүүнийг дэлгэжээ. “Скай трейдинг” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эл үзэсгэлэнг зохион байгуулж буйгаа дуулгалаа.

“Глобал сорсинг” хэлтсийн ахлах мэргэжилтэн Ан Ён Ми ярихдаа, ”Өнөөдрийн үзэсгэлэнд маш олон сайхан бүтээгдэхүүнүүдийг дэлгэжээ. Ялангуяа жамц давсаар хийсэн гэрлэн бүрхүүл, нарийн хийцтэй ноос, ноолууран бүтээгдэхүүн, зөвхөн өвлийн улиралд бус намар, хавар өмсөх боломжтой үслэг эдлэл, эко хүнсний бүтээгдэхүүнүүдийг солонгосчууд сонирхох байх аа. Түүнчлэн Монголчууд байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ давуу талтай. Солонгосчууд монгол чацарганы бүтээгдэхүүнийг сонирхдог болсон.   

“Химийн бодисгүй байгалийн органик бүтээгдэхүүн гэдгээр нь манай хүнсийг гадныхан худалдан авах сонирхолтой байдаг. Монголд үйлдвэрлэсэн олон төрлийн цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг экспортлох боломжтой. Гагцхүү тээвэрлэлт, хорио цээрийн бичиг, хадгалалт, гадны стандартыг хангахаас эхлээд хийх ажил бидэнд бий. Гадныхны хэрэгцээнд хүрэх  бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл монголчууд маш богино хугацаанд хөгжих боломжтой” хэмээн “Скай Хайпермаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ хэллээ.

Дашрамд дурдахад 160 гаруй салбартай Солонгосын “e mart” сүлжээ дэлгүүр Монголд нээгдэх гэнэ.  Тус дэлгүүрийн бүтээгдэхүүний 30 хувь нь “e mart” сүлжээнээс нийлүүлэх бөгөөд бусад орноос гадна дотоодын бүтээгдэхүүнийг борлуулах юм байна. “Скай трейдинг” компани хэрэглэгчдэд эрүүл хүнс хүргэх зорилгоор дотоодын  компаниудтай гэрээ байгуулж эхэлжээ. Түүнчлэн Монголд  нээх “e mart” сүлжээ дэлгүүрийн дэргэд хүнс шинжлэх лаборатори нээгдэж буйгаараа онцлогтой юм байна.

 Б.Заяа

Связанные новости