Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийн талаар хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-21 17:37:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааны талаар ИНЕГ, “Нью-Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн хамтарсан ээлжит 26 дугаар уулзалт, хурал ИНЕГ-т боллоо.

Тодруулбал, дээрх байгууллагууд шинэ нисэх буудлын үйл ажиллагааг энэ оны 10 дугаар сарын 1-ний дотор эхлүүлэх арга хэмжээ авах тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 19-ний 227 дугаар тогтоолын биелэлтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд хуралдлаа.


Хурлаар шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд “Нью-Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-иас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж тулгамдсан болон даруй шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлыг хэлэлцэн санал солилцож, холбогдох чиглэлийг өгч ажиллалаа. Үүнд:

  • Нүүлгэн шилжүүлэлтийн нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж нүүлгэн шилжүүлэлтийн ажлын хэсгийг хуралдуулах, 
  • Шинэ нисэх онгоцны буудлыг нүүлгэн шилжүүлэх дотоод бэлтгэл ажлыг хангах,
  • ОRАТ туршилт хийхэд гадаадын агаарын тээвэрлэгчдийг оролцуулан холбогдох мэдээллээр тогтмол ханган ажлын уялдаа холбоогоо сайжруулах ажиллах, 
  • Шинэ нисэх буудлын зорчигч терминал, карго барилга дахь X-Ray-ийн төхөөрөмжийг ашиглах зөвшөөрлийг “Нью-Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-д олгох, 
  • Аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх болон агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдийг эцэслэн байгуулах ажлыг эрчимжүүлэх, 
  • ИНЕГ, “Нью-Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК хамтран нисэх буудлын үнэмлэх олгох журмыг боловсруулах чиглэл өглөө. 


Түүнчлэн Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр “COVID-19”-ийн цар тахалтай холбоотойгоор олон улсын агаарын тээврийн салбарт үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг албаны хүмүүст өгсөн талаар ИНЕГ-аас мэдээллээ. 


Связанные новости