Б.Лхагвасүрэн: Системийн нөлөө бүхий таван банкны үйл ажиллагаа хэвийн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-19 12:28:55
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис хоёр том банк дампуурах эрсдэл үүссэн хэмээн мэдээлсэнтэй холбоотойгоор Монголбанкнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 


Банкны салбар итгэлцэл дээр тогтдог эмзэг салбар. Банк тодорхой хэмжээний эх үүсвэрийг олон нийтийн итгэлцлээр татаад түүнийгээ эдийн засгийн бодит сектор руу зээл болгон гаргадаг.


Өнөөдөр манай улсын банкны салбарт бараг 35 их наяд төгрөг эргэлдэж байгаа бөгөөд нийт зээлийн хэмжээ 17 их наяд, ипокетийн зээлийг оруулаад тооцвол 20 гаруй их наяд төгрөг болно. Энэ том салбар хүмүүсийн болчимгүй мэдээллээс болоод доргих магадлалтайг Монголбанкны ерөнхийлөгч тэмдэглэлээ.


Монгол Улсын төсвөөс 3.5 дахин их мөнгө эргэлддэг банкны сектороос улсын эдийн засаг санхүүжилт авч тэжээгддэг. Монголбанк хуулийн хүрээнд банкуудад хяналт шалгалт тогтмол хийдэг бөгөөд банкуудын, тэр дундаа нөлөө бүхий 5 банкны үйл ажиллагаа хэвийн байгааг онцлов. 


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: "Банкуудыг том, жижиг гэх бус, банкны секторт нөлөө бүхий болон жижиг гэж хоёр ангилдаг. Системийн нөлөө бүхий 5 банк болох Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хас банкууд нийт зах зээлийн 85 хувийг эзэлдэг.

Тухайн 5 банкинд байршиж байгаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 900 тэрбум төгрөгт ямар ч эрсдэл үүсээгүй. 

2017 оны 8 сард ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд банкны секторын активын чанарын үнэлгээг хийсэн. 2018 оны 5 сарын байдлаар тухайн үед байсан 14 банкны 7 нь 500 гаруй тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай гэх дүгнэлт гарсан. Үүнээс Капитал банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүйгээс болоод 2019 оны 4 сард татан буугдсан. Тухайн банкинд  байсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 233 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг барагдуулахаар Монголбанкны эрх хүлээн авагч ажиллаж байна. Үүнтэй холбоотой мэдээлэл хийхдээ санамсаргүй алдаа гаргаж, тоон мэдээллээ буруу тайлбарласан болов уу гэж үзэж байна.


Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай банкны хоёр нь нөлөө бүхий, хоёр нь жижиг банк байсан. Хоёр том банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр хөрөнгөө босгоод ирчихсэн. Түүнийг нь Монголбанк хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөөр бүртгэсэн. ОУВС-ийн аудитын магадлан итгэмжлэлээр нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болгон бүртгэхээр хүлээж байна. Хоёр жижиг банк болох Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг Монголбанк Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуультай холбоотойгоор хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа" гэв.   


Связанные новости