Давхар бүртгэлтэй үнэт цаасыг гадаад, дотоодод хөрвүүлэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-13 18:48:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн” ХК нь Монголын Хөрөнгийн биржид, гадаадад, олон улсад Канадын Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй юм. 

Давхар бүртгэл нь Монголын хөрөнгийн зах зээлд 2018 онд нэвтэрсэн бөгөөд эрхзүйн хувьд СЗХ өчигдөр буюу энэ оны 8 дугаар сарын 12-ны ээлжит хуралдаанаар “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, бүртгэх" журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Ингэснээр хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй үнэт цаасыг:

  • Бирж хооронд хөрвүүлэн арилжих боломж бүрдэж байна. 
  • Мөн тухайн үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, 
  • хөрөнгө оруулагчид аль өндөр ханштай зах зээлийг сонгон арилжих, 
  • дотоодын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх, 
  • хөрөнгийн зах зээлд үнэт цаасыг хил дамжуулж хөрвүүлэх цоо шинэ харилцаа бий болж байна. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниуд Монгол Улсад үнэт цаасаа гарган арилжих, эдгээр компанийн хувьцааг ард иргэд, олон нийт эзэмшиж, байгалийн баялгийн үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлж байна гэж Монголын Хөрөнгийн биржийн мэдээнд онцолжээ.

Үүний дагуу давхар бүртгэлтэй "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа Торонтогийн хөрөнгийн биржийн гишүүн брокерийн компанид нээлгэсэн дансаараа дамжуулан Монголын Хөрөнгийн бирж дээр арилжих боломжтой бөгөөд хөрвүүлэх ажиллагааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) болон эсвэл МХБ-ийн гишүүн брокерын байгууллага хийх юм. 

Гэрэл зургийг Б.Чадраабал


Связанные новости