Эсэргүүцэл дагуулсан Беларусийн сонгууль

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-10 15:52:10

ЛОНДОН. /BBC/. Олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал дагуулсан ерөнхийлөгчийн сонгууль Беларусьт ням гарагт боллоо. Жагсаалын үндэс нь тус улсыг 26 жил удирдсан Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцсэн явдал байжээ.


Лукашенкогийн гол өрсөлдөгч нь Светлана Тихановская байв. Экзитпол буюу иргэдийн хийсэн сонголтын талаарх санал асуулгын мэдээллээр, Лукашенко сонгогчдын 79.7 хувийн саналыг авч сонгуульд ялж байгаа бол Тихановская 6.8 хувийн саналыг авчээ. Сонгуулийн ирц 84.05 хувьтай байсан байна. 


Сөрөг хүчин интернет платформ дээр санал тоолох өөр нэгэн хувилбарыг туршиж үзэхэд Тихановскаяд сонгогчдын 80 гаруй хувийн санал авсан нь үндсэн дүнгээс тэс өөр гарчээ.


Санал хураалтын дүнг өөр хувилбараар гаргах нь хууль бус гэдгийг сөрөг хүчнийхэнд анхааруулж байсан Беларусийн Сонгуулийн төв комисс сонгуулийн дүнгийн талаарх албан ёсны мэдээллийг мягмар гарагийн орой танилцуулна гэж амлаж байсан хэдий ч удалгүй өглөө нь танилцуулахаар болсноо мэдэгдсэн байна.


Санал хураалт дуусмагц одоогийн эрх баригчдыг эсэргүүцэгчид Минск болон бусад хотын гудамжинд гарч, удалгүй эсэргүүцэл нь мөргөлдөөн, баривчилгаа болж хувирсан байна. 

 

Сонгуулийн өдөр

Сонгуулийн  хэсгүүд Беларусийн нутаг дэвсгэрт болон хилийн чанадад өглөөний 8:00 цагт нээгдэж, олон хэсэгт урт дараалал үүсжээ.


Оройн 8 цагт сонгуулийн санал хураалт хаагдахаас өмнө саналаа өгч амжаагүй олон хүн саналаа өгөх боломж олгохыг шаарджээ.


Одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко биеийн тамирын их сургууль дотор саналаа өгснийхөө дараа сэтгүүлчдийн өмнө гарч үг хэлэхдээ гол өрсөлдөгч Светлана Тихановскаяг болон хараат бус хэвлэл мэдээллийг шүүмжилжээ.


“Энэ хүнийг би гол өрсөлдөгчөө гэж үзэхгүй байна. Та нар түүнийг гол өрсөлдөгч болгосон. Хаашаа орж, юу хийхээ мэдэхгүй байгаагаа тэр үнэнчээр хүлээн зөвшөөрч байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Тихановская Минскийн дунд сургуулиудын нэгэнд нь саналаа өгчээ. Сонгуулийн санал авах байрны дэргэд цугласан хэдэн зуун дэмжигч нь Тихановскаяг нижигнэсэн алга ташилтаар угтан авсан байна. 


Энэ үед Минск хотын төвд эмх замбараагүй байдал үүсэхээс болгоомжлон цэргүүд цугларсан байсан бөгөөд хотыг бараг л тэр чигт нь хаасан байжээ.


Санал хураалтын үеэр хэдэн арван хүнийг баривчилсны дотор голдуу ажиглагчид болон сэтгүүлчид байсан аж. Тухайлбал, Минск хотод сонгуулийн үйл явдлыг мэдээлэхээр ирсэн “Бороо” телевизийн сэтгүүлчдийг баривчилжээ. Орой нь тэд суллагдсан гэдгээ мэдэгдсэн байна. ОХУ-ын ГХЯ энэ талаар мэдээлэхдээ, эдгээр сэтгүүлчийг магадлан итгэмжлэлгүй учир саатуулсан байна гэжээ.

 

Эсэргүүцэл, мөргөлдөөн

Сонгуулийн санал авах байрнууд хаагдмагц санал хураалтын анхны дүнтэй санал нийлэхгүй байгаа болон эрх баригчдын бодлогыг эсэргүүцдэг хүмүүс Минск тэргүүтэй хэд хэдэн хотын гудамжинд цугларчээ.


Удалгүй нийслэл хотын төвийн дүүргүүдэд хүмүүс цугларч, цагдаа нар усан буу, дуу чимээ гэрэл гаргадаг гранат, резинэн сум зэрэг гар дээрх хэрэгслээ жагсагчдын эсрэг ашиглажээ.


Жагсаалд оролцогчдын зарим нь нэлээд хүнд бэртэл авсан байна. Машеровын өргөн чөлөө, “Баатар хот Минск” хөшөө орчимд мөргөлдөөн илүү ноцтой болжээ. Нөхцөл байдлын талаар Беларусийн Дотоод хэргийн яам эхэндээ тайлбар өгөөгүй хэдий ч дараа нь цагдаа нар хэв журам сахиулахын тулд тусгай хэрэгсэл ашиглахаас өөр аргагүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. 


Гэмтсэн хүмүүсийн талаар албан ёсоор мэдээлээгүй хэдий ч мөргөлдөөний дараа Минск хотын төвд түргэн тусламжийн хэдэн арван машин ирсэн байснаас харахад нөхцөл байдлыг ямаршуу хэмжээнд байгааг үнэлж болох юм.


Үүний зэрэгцээ Минскт хотын төвд интернет бүрэн тасалдаж, олон нийтийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, төрийн байгууллагуудын цахим хуудас руу нэвтрэн орох боломжгүй болжээ. Түүнчлэн нийгмийн сүлжээнд нэвтрэх үед саатал гарч байсан аж. 


Мөргөлдөөн хэдэн цагийн туршид үргэлжилж, шөнийн 2 цаг орчимд дууссаны дараа Минск хотын төвд нөхцөл байдал хэвийн болжээ. Жагсаал цуглааны үеэр хэдэн хүн саатуулагдсан нь тодорхойгүй байна. “Хавар” хүний эрхийг хамгаалах төвийн мэдээлснээр, сонгуулийн өдөр болон сонгуулийн дараа 100 гаруй хүнийг баривчилсан байж магадгүй байна. 


Ням гарагийн өглөөнөөс хойш Александр Лукашенко олны өмнө гараагүй бөгөөд ямар  нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.


Харин Светлана Тихановская ням гаргийн орон эсэргүүцэгчид болон хүчний байгууллагад хандан үг хэлжээ.  


“Цэрэг, цагдаа нар ард түмний нэг хэсэг гэдгээ санаасай гэж хүсэж байна. Түүнээс гадна өдөөн хатгалгаа зогсоож, хүч хэрэглэхээс аргагүй байдалд өөрсдийгөө оруулахгүй байхыг сонгогчдоос хүсэж байна. Беларусийн ард түмэн маргааш шинэ улсад сэрэх болно гэдгийг би мэдэж байгаа бөгөөд маргааш зөвхөн сайхан мэдээ дуулна гэж найдаж байна. Хүчирхийллээ зогсооно уу” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.  

Связанные новости